• 2
    2023-11-09T04:02:29+08:00

    "Хүнд цаг үе хүчирхэг эрчүүдийг бүтээдэг. Хүчирхэг эрчүүд сайн цагийг авчирдаг. Сайн цаг сул дорой эрчүүдийг бүтээдэг. Харин сул дорой эрчүүд хүнд цаг үеийг авчирдаг." - Майкл Хопф

    Аз жаргал бол сайн цагийн амьдрал. Сайн цаг нь хүнийг сул дорой болгодог гэж Майкл Хопф (Америкийн зохиолч) хэлжээ. Аз жаргал нь хүнийг тайвшруулдаг. Харин тайвширсан хүний гараас бүтээл гардаггүй ба өмнөх үеийнхээ зовж бүтээсэн зүйлсийг устгаж үгүй болгох нигууртай. Зовлон нь хүнийг хэрсүү болгож аз жаргал нь арчаагүй болгодог аж. Хүн ямарваа нэгэн зүйлээр дутагдаж гачигдах нь хэвийн зүйл бөгөөд энэ нь огтоос зовлон биш гэж буй. Тэр бол зүгээр л амьдрал. Жинхэнэ зовлон бол дайн тулаан, өвчин. Бусдыг нь бол аргалж болно. Аз жаргал өөрөө ирэхгүй тул түүнийг бид өөрсдийн гараар бүтээж, дараа нь хамгаалж, бас арчилж тордож байх ёстой. Алдах зүйл ихтэй болох тул улам их хичээх хэрэгтэй болно. Үйлчлүүлэгч нь мэт амьдралд хандаад байвал аз жаргал тогтохгүй гэсэн үг.

    • 1
    2023-11-09T02:34:08+08:00

    Амьдралдаа сэтгэл хангалуун байх нь аз жаргал. Гэхдээ аз жаргал нь адал явдалгүй учраас нэг хэвийн уйтгартай мэт санагдаж магадгүй. Эхнэр хүүхэдтэй, нохойтой, ажилтай, байр машинтай. Өглөө тогтсон цагт босч гэр бүлтэйгээ цай ууна, эхнэр хүүхдээ үнсээд ажилдаа явна. Ажлаасаа ирээд нохойгоо салхилуулаад киногоо үзээд унтана. Долоо хоногийн эцсээр найзуудтайгаа пиво ууж чалчина. Баярын өдрүүдээр бие биедээ бэлэг өгцгөөнө. Ингээд гүйцээ, өөр юу ч хэрэггүй. Энэ маягаар тасралтгүй үргэлжилнэ. Энэ бол аз жаргал. Амьдралд адал явдал хэрэггүй.

    • 0
    2023-11-08T15:19:19+08:00

    Аз жаргал гэдэг зүйл үнэндээ байдаггүй. Бид түүнийг одоогийн амьдралаа өнгөрсөн болон ирээдүйн амьдралтайгаа, эсвэл бусдын амьдралтай харьцуулахдаа бодож олсон юм. Гэтэл аз жаргал нь байгаагүй, байхгүй, бий болохгүй. Хүмүүс аз жаргалын эрэлд гарч үнэ цэнэтэй цаг хугацаагаа бардаг. Тэгэх явцдаа бие биенээ гомдоож амьдралаа там болгодог. Аливаа зүйлд амжилт гаргаж болно, гэхдээ тэр нь аз жаргалд хүргэхгүй. Байхгүй учраас тэр ирэхгүй.

Хариулт үлдээх