Бүртгүүлэх

Нэвтрэх


Нууц үгээ мартсан

Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.

Бүртгүүлэх

Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.

Оросын байгалийн хийгээс хамааралтай болсон Германы товч түүх

Оросын байгалийн хийгээс хамааралтай болсон Германы товч түүх

2022 оны 4-р сарын 8-нд Европын холбоо Брюссель хотод хуралдаж Оросын эсрэг 5 дахь хоригийг хэлэлцсэн байна. Тэгэхдээ Оросын банк, компани, бизнес эрхлэгчдийн эсрэг хоригийг баталсан боловч Оросын нутгаас Европ руу гарсан хийн хоолойн 4 урсгалыг (Северны поток, Ямал-Европ, Союз, Братство, ) зогсоогоогүй юм. Тухайн хурлын үеэр Европын зөвлөлийн (гишүүн 27 улсын удирдлагуудаас бүрдсэн зөвлөл) ерөнхийлөгч Шарль Мишель: "Оросын байгалийн хийнээс татгалзах боломж бидэнд одоохондоо алга" гэж хэлж байжээ.

Европын холбоо 2020 оны статистик тоогоор нийт эрчим хүчний хэрэглээний 34% нь газрын тос, 24% нь байгалийн хий, 17% нь сэргээгдэх эрчим хүч, 13% нь цөмийн энерги, 12% нь нүүрс байх ба нийт байгалийн хийн хэрэглээний 24%-ийг дэлхийн хамгийн том байгалийн хий нийлүүлэгч улс болох Оросоос авч байна. Үүнээс хамгийн их байгалийн хий хэрэглэгч нь Герман болж байна. Орос-Украины дайн эхэлснээс хойш Герман нь Орост өдөр бүр 220 сая евро төлж байгаа аж. Герман 20 сая гаруй орон сууц, байрыг хийгээр халаадаг бөгөөд аж үйлдвэрийн салбар нь мөн байгалийн хийнээс ихээр хамааралтай болсон байна. Германы сангийн сайдаас Оросын хийг зогсоож болох талаар асуухад тэрээр "боломжгүй" хэмээн товчхон хариулж байлаа. Оросын байгалийн хийг худалдаж авахаа үргэлжлүүлснээр Герман улс Оросын төрийн мэдлийн эрчим хүчний компаниудад их хэмжээний төлбөр төлж байгаа ба энэ нь Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл яагаад Герман ингэтлээ Оросын хийгээс хамааралтай болчихов?

Хүйтэн дайны үед баруун, зүүн гэсэн хоёр Герман байв. Дэлхийн 2-р дайны дараа Герман их хэмжээгээр сүйрч эвдэрсэн байсан ч 1950-иад оноос Америкийн дэмжлэгээр баруун Германы эдийн засаг сэргэж эхэлсэн ба аж үйлвэр тэр дундаа төмөр боловсруулах үйлдвэрүүд нь хөл дээрээ босож байлаа. Гэвч эдийн засгийн өсөлтөө дагаад Герман нь эрчим хүчний хомсдолд орж эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд ЗХУ нь баруун Сибириэс их хэмжээний байгалийн хийн нөөц газруудыг илрүүлж байсан бөгөөд томоохон хотуудаа хийн хоолойгоор холбох дэд бүтцийн ажлуудыг эхлүүлсэн байв. Ингээд ЗХУ нь дотоодын хэрэгцээгээ хангасны дээр илүүдэл байгалийн хийгээ экспортлохоор болжээ. Гэвч энэ асар их зардалтай, цаг хугацаа шаардсан том бүтээн байгуулалтын төсөл учраас 1969 онд сонгогдсон Германы шинэ канцлер Вилли Брандтын боловсруулсан "Остполитик" гэх гадаад бодлогын хүрээнд ЗХУ нь баруун Германтай 20 жилийн гэрээ байгуулан баруун Германд байгалийн хий нийлүүлэн оронд нь ган хоолой авч байхаар тохиролцжээ.

1980-аад он гэхэд ЗХУ Ямало-Ненецийн (Надым) орчмоос Украиныг дамжин баруун болон зүүн Герман хүрсэн урт хийн хоолойнуудыг (Братство, Союз) барьж дуусгасан ба 1990-ээд он гэхэд хоёр Германы хийн хэрэглээний 40%-ыг хангаад эхэлсэн байсан ч улс нь задран унасан байна. Дараа нь шинэ Орос улсын төрийн өмчийн Газпром компани дээрх хийн хоолойнуудыг эзэмшин шинэ маршрут бүхий хийн хоолойг (Ямал-Европ) барьж эхэлжээ. Тэр нь 1999 онд баригдаж дууссан бөгөөд Белорусиар дамжин Германд хүрдэг аж. Харин 2005 оноос "Умардын урсгал (Nord stream)" нэртэй 11 тэрбум долларын өртөгтэй хийн хоолойг Балтын тэнгис дагуулан тавьж эхлэсэн байна. Тэд мөн Германы нутгийг хэрэн сүлжсэн хийн хоолойнуудыг тавьж тэнд салбараа байгуулан байгалийн хий нөөцлөх (шингэн төлөвт оруулах) байгууламжийг хүртэл барьжээ.

2008 оны сүүлээр (2005 оны Украины "Улбар шар" хувьсгал болон Орос-Гүржийн зөрчилдөөний үеэр болон түүний дараа) Орос, Украин хоёр байгалийн хийн үнэ ханш дээр маргалдан Орос нь хоолойгоо 20 хоногийн турш хааж орхив. Тэгснээр Европ руу (Польш, Румын, Молдав, Унгар, Словак) гарах хийн хоолойн замыг давхар хаасан гэсэн үг. Өвлийн цаг байсан тул тухайн асуудлаас үүдэн Европын дээрх 5 улс их зутарсан байна (11 хүн гэртээ хөлдөж нас барсан гэдэг).

Тэгвэл Европ тэр тусмаа Герман улс Оросын байгалийн хийнээс хамааралгүй болж чадах уу? гэдэг асуулт тавигдаж эхэлж байна. Бараг л боломжгүй гэж хариулж байна. Тэгэхийн тулд Африкийн хойд эргийн улс орнууд болон Америкаас авсан байгалийн хийг шингэрүүлэн тусгай зориулалтын хөлөг онгоцоор тээвэрлэн авчирч буцаагаад хийн төлөвт оруулах шаардлагатай бөгөөд ингэхийн тулд аварга том боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах хэрэгтэй болох юм байна.

Мэдээж эцсийн хэрэглэгчдэд өндөр үнэтээр очино гэсэн үг. Шингэрүүлсэн хийн үйлдвэрүүд Европт нэлээд хэд байдаг боловч Германд нэг ч байдаггүй аж.

Хэрэв Оросын хийг одоо авахгүй гэвэл Германы эдийн засаг уналтад орж олон мянган хүн ажилгүй болно тооцож байгаа ч одооноос хэрэглээгээ хумих бодлого гарган эхнээс хэрэгжүүлээд эхэлсний зарим нь: Оросоос авах хийгээ 15%-иар бууруулах, "Умардын урсгал-2" ("Умардын урсгал-1"-тэй параллел явах) хийн хоолойд лиценз олгохгүй байх (төслийг зогсооно гэсэн үг), Газпром компаний Герман дахь салбарын үйл ажиллагааг зогсооно гэж байна.

Гэсэн ч дээрх авах арга хэмжээнүүд дэндүү хангалтгүй бөгөөд дайн болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан байгалийн хийн үнэ ханш тасралтгүй өсөж энэ нь Орост эсрэгээрээ ашигтай тусаж байгаа гэнэ. Герман улс "ацан шалаанд" оржээ. Оросыг эдийн засгийн хямралд оруулах замаар шийтгэх Америк тэргүүтэй барууны орнуудын төлөвлөгөө ийнхүү нуран унаж байна.

Гишүүний тухай : НамуунБагш

Хариулах