"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

  1. Хэрэв хэл яриа, бичиг үсэггүй, хийж бүтээдэггүй байсан бол хүн гэдэг амьтан хурц соёо шүд, хумстай, эсвэл эвэртэй, биеэрээ дүүрэн үстэй, дөрөв хөллөн хурдтай давхидаг байх байлаа. Яагаад гэвэл ухаан байхгүй бол байгаль нь органик зэвсэг заяадаг аж. Биеэс нь урган гарч буй тэдгээр ясан зэвсэгнүүд (хумс, шүд, эвэр) бол зүгээр ч нэг бий болдоггүй. Түүнийг өлсөж үхэхгүйн тулд эсвэл махчин амьтдад идүүлэхгүй байх байгалийн тэмцэл, шалгарал, зүтгэлээр аажим аажмаар удам, генетикт нь өөрчлөлт орон бий болдог болохоос зүгээр байж байтал гэнэт бий болчихсон эсвэл ямар нэгэн Бурхан гарч ирээд хийгээд өгчихсөн юм биш юм. Харин хүн ухаантай учраас хумс, шүд, эвэр, хурдан хөлийг өөр бусад зүйлсээр орлуулдаг болсноор байгаль биднээс тэдгээр заяамал зэвсгүүдийг хураагаад авчихсан хэрэг. Ингээд бид хоёр хөлтэй, хохимой толгойтой, удаан хөдөлгөөнтэй, шалдан нүцгэн болчихсон юм. Гэсэн ч биднээс бие махбодийн хувьд илүү хүчирхэг бусад төрлийн амьтадын дээр бид ноёрхож чадаж байна. Одоо бид өр хоорондоо ухаанаа уралдуулан тэмцэлдээд эхэлсэн. Анзаарагдахгүй байгаа ч энэ тэмцэл урт хугацаанд бас л бидний удам, генетикт өөрчлөлт оруулж л байгаа. Яваандаа бидний гавлын ясны хэмжээ улам том болох байх. Эхийгээ улам зовоож төрдөг болно гэсэн үг.

    Тэгвэл бид яагаад, юуны тулд өөр хоорондоо ухаанаа уралдуулан тэмцэлдэж байна гэхээр эхэндээ бид өдрийн талхны төлөө ажил хийдэг байсан бол хөгжих тусам хэрэглээгээ улам нэмэгдүүлэх, илүү тансаг хэрэглээнд шилжих гэсэн хүслээ гүйцэлдүүлэх гэсэн уралдаан болсон. Үр дүнд нь элит, дунд, ядуу давхарга бий болсон бөгөөд энэ гурван давхаргыг арилгах боломжгүй юм. Хүч хэрэглэн арилгавал амьдрал нь утгагүй болж тэмцэлгүй, зорилгогүй болно. Эцэст нь бид усан тэнэг болцгооно. Үнэндээ бүгд усан тэнэг болохгүй л дээ, тэжээдэг ба тэжээгддэг гэсэн хоёр давхарга үлдэнэ. Тэжээдэг нь илүү ухаантай.

    Гэхдээ өнгө мөнгө, эд баялагт шунахаас илүүтэйгээр анхаарал хандуулан шийдэх чухал асуудлууд байсаар байна. Энэ бол гэмт хэрэг, өвчин зовлон. Гэмт хэрэг гарсаар, өвчнөөр нас барцгаасаар байна. Тийм байхад бид амьдралын эрч хүчээ тансаг хэрэглээнд зарцуулах нь утгагүй хэрэг. Харин яах ёстой вэ гэхээр боловсрол, анагаах ухаан хоёрт бүх нөөцөө ашиглах юм.

    Дээрхээс дүгнэхэд амьдралын утга учир юу болж байна вэ? Амьдрал утга учир юу вэ гэдэг асуулт нь би юуны төлөө амьдарч байна вэ гэдэгтэй агаар нэг гэж би бодож байна. Мэдээж боловсрол, анагаах ухааныг хөгжүүлэн төгс төгөлдөр хэмжээнд аваачихын тулд бид нэгдүгээрт соёлтой, ёс суртахуунтай, мэдлэгтэй, хүмүүжилтэй, эв найрамдалтай, цэгцтэй, замбараатай амьдрах шаардлагатай.

  2. Тэмцэл. Дайн тулаангүй энхийн цагт ч тэр тэмцэл. Амьдралыг амралт гэж бодсон цагаас нөхцөл байдал доройтно. Бид ерөнхийдөө амьдралынхаа турш тэмцсээр байгаад дуусдаг. Тэмцээгүйгээс тэмцсэн нь дээр байдаг. Тэмцсэнээр амьдрал арай л дээр болдог. Үүнд логик учир шалтгаан бий. Энэ талаар доор тодруулъя.

    Хүн ерөөс төрөлхийн тэмцлийн үр дүнд бий болсон амьтан, бусад амьтад ч ялгаагүй. Тэмцээд ялсан нь дэлхий дээр үлдэж, чадаагүй нь устан үгүй болсон. Энэ бол яахав хувьслын үндсэн онол. Харин бидний дутуу анхаардаг нэг зүйл бол хүний тархин дотор их зүйл өрнөдөг, бүр хэтэрхий их гэхэд болно. Бодлууд нь өөр хоорондоо дайтаж байдаг гэсэн үг. Бидний бодол динамик, хөдөлгөөн ихтэй, бужигнасан, эрч хүчтэй, давтамж ихтэй, цаг хугацаа нь хурдан. Бодол санаа, сэтгэл бие биенээ алж устгаж байдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болж магадгүй, гэхдээ л тийм. Өөрөөр хэлбэл бид цаанаасаа л тэмцэхийн төлөө төрсөн гэсэн үг. Тэмцэх хүртэл бидний бодол санаа биднийг зүгээр суулгахгүй тарчлаах бөгөөд тайван байлгахгүй. Зүгээр суусныхаа төлөөсийг ямар нэгэн байдлаар төлнө. Харин хөлс, цусаа гарган тэмцэж эхлэх үед тэр тайвширдаг нь хачирхалтай, бас харамсалтай. Энэ нь миний ойлгож байгаагаар сул дорой эд эсүүдийг үхүүлж шинэ эсүүдийг төрөх нөхцлийг бий болгож байх ёстой юм шиг.

    Та тэмцлийнхээ үр дүнг амсахгүй ч байж болно. Гол нь та тэмцсэн.

    Мэдээж бидний тэмцдэгийн шалтгаан одоо байгаа амьдралаа сайжруулах. Сайжрах нь гарцаагүй. Харин тэмцэхгүй бол гэрийн тэжээвэр гахай шиг таргалж дараа нь ялзарч үхнэ. Бусдаар тэжээлгэн тарвалзаж хэвтвэл бид сул дорой, уймраа, тэнэг, залхуу болж эцэстээ өвчний үүр болж дуусна эсвэл эрт орой хэн нэгний хурууны үзүүрт зарагдсан боол болно.

  3. Товчхондоо бол бүгд хамтдаа аз жаргалтай амьдрах. Өөр онцгой зүйл байхгүй.

    Хүн угаас нийгмийн амьтан учраас ганцаараа эсвэл хэсэг бүлгээрээ сайхан амьдрах ямар ч боломжгүй юм. Хамтын хүчээр амьдралаа сайжруулах, зовлон бэрхшээлийг даван туулахаас өөр замгүй.

    Сайхан амьдрахад саад болж буй асуудлуудыг хувь хүний, гэр бүлийн, компаний, улс үндэстний, олон улсын гэж ангилж болно. Тэнд яригддаг бүх сэдвийн үзүүрт аз жаргал л байдаг.

    Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, урлагийн салбараас шинээр төрж буй бүтээлүүдийг дэмжих, шагнах, урамшуулах бодлогыг тухайн улсын төр эвсэл олон улсын байгууллагууд баримтална. Зорилго нь амьдралыг сайжруулах. 

    Социализм, коммунизм, капитализм аль нь ч бай нийгэм ямар системээр явбал бид илүү аз жаргалтай болох вэ гэдэг сэдэв.

  4. Амьдрал бол их эмзэг зүйл. Тэр хэдийд ч хагарч хугарахад бэлэн тийм хэврэг.  Нэг л буруу алхам хийвэл яг л даалуу нурахтай адил зовж хөдөлмөрлөж бүтээсэн зүйлс хормын төдийд нуран алга болно. Тийм болохоор үргэлж сонор сэрэмж, болгоомж өндөр амьдрахаас өөр замгүй.

    Амьдралын утга учир гэж байна. Амьдралаа та утга учиртай байлгахаас илүүтэй бүтээсэн амьдралаа нураахгүйн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Хэдий чинээ амжилтад хүрнэ төдий чинээ санаа зовох зүйлтэй болно. Гэхдээ нийгмийн хог шаар болж явснаас дээр.

  5. Энд яригдаагүй нэг зүйл байх шиг байна. 80 нас хүрээд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж хараад харамсахгүй бол болж байгаа нь тэр - Жефф Безос. Санаа нь хэрэглэгч биш харин бусдад үйлчилгээ үзүүлэгч гэдгээрээ хүн өөрөөрөө бахархах ёстой гэж. Яахав бизнесмэн хүний сэтгэлгээ байх л даа, гэхдээ л түүний энэ үг надад их таалагддаг.

  6. Эхлээд амьдрал гэж өөрөө юу болох тухайд төвлөрье. Төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртлээ тэр хүн хэрхэн амьдарсан бэ? Энэ тэр хүний амьдрал байв. Аз жаргалтай эсвэл зовлонтой амьдарсан байж болно. Гэхдээ хүмүүс сайхан амьдрахыг илүүд үзэх байх. Тэгвэл сайхан эсвэл муухай амьдрал гэж юу вэ гэвэл энэ бол мэдрэмж. Толгой дотор өрнөдөг үйл явц. "Амьдрал сүйрлээ" гэж ярьдаг нь хүн хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй болохыг хэлж байгаа юм. Тэгэхээр амьдрал гэж "сонголт" болж байна. Шинжлэх ухааны талаасаа бол биологийн процесс, эсийн хуваагдал гэх мэтээр тайлбарлах байх, харин шашнаар бол Бурханы ивээлд багтах ч юм уу.

    Хүн бүр яаж амьдрахаа сонгодог. Зарим нь албатай мэт улс төр рүү орон элдэвээр хэлүүлэн явдаг бол зарим нь хувиараа бизнес эрхэлдэг, харин зарим нь тогтмол цалинтай ажил хийн тайван амьдрахыг эрхэмлэдэг. Энэ бол тэдгээр хүмүүсийн сонгосон амьдрал. Хамгийн энгийн жишээгээр бол таны зочилсон айл болгон өөр өөрийн онцлогтой - гэр орных нь үнэр танар, өөр хоорондоо харьцаж байгаа байдал, эмх цэгц, хүүхдүүдийнх нь хүмүүжил гээд олон зүйлээс нь ямар амьдралтайг нь олж харж болно.

    Амьдралын утга учрын тухайд үнэндээ "утга"-саад байх зүйл байхгүй л дээ. Хүмүүс өөрсдөө тэрийг бий болгох ёстой. "Эцэстээ үхэх л юм бол амьдрах ямар хэрэгтэй юм бэ?" гэж хүмүүс асуудаг нь үхлээс айж байгаа хэрэг. Үхлээс айх хэрэггүй, амьдралаас айх хэрэгтэй. Би ч үхлээс айдаг, гэхдээ зүрх зогсох хүртэл амьдрал үргэлжлэх учраас амьдрал нь илүү аймшигтай юм. Тийм болохоор үхлийн тухай бодлоо толгойноосоо бүрэн авч хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ айдас насан туршид дагаж явах болно. Амьдралд муухай зүйл олон ч сайхан зүйл бас олон.

  7. Бид үргэлж ингэж асуух болов ч хариултыг нь хайгаад олдоггүй юм. Том зургаар нь "Хүн төрөлхтөн яг хаашаа явж байна вэ? Бид юунд хүрэх гээд ийнхүү зовж зүдрэн амьдарч байна вэ?" гэж асуудаг. Гэвч үүнд хариулт байдаггүй. Бид хариултыг нь санаанаасаа (шашин) зохион өөрсдийгөө хуурах болов ч үнэндээ байдаггүй.

    Тэгвэл эндээс нэг дүгнэлт гарч ирнэ. Хүн төрөлхтөнд залж чиглүүлэх, сайн зүйл хийвэл шагнах, буруу зүйл хийвэл шийтгэх эцэг эх байхгүй өнчин хүүхэд шиг өрөвдөлтэй. Өөрийнх нь хувь заяа зөвхөн өөрийн толгой дээр. Бид ердөө олуулаа учраас бие биенээ (мөнгөөр) зугаацуулан уйдах завгүй байгаа юм. Яг ганцаараа өөрөө өөртэйгээ үлдэх цаг мөчид үүнийг мэдэрдэг. Хэн нэгэн ойрын хүн нь нас барахад, гэр бүл нь салахад ажил төрөл нь бүтэхгүй тохиолдолд мэдэрдэг. Тийм учраас бид зовлон жаргалаа хуваалцан элдэв уулзалт, цуглаан зохион байгуулж, царайнуудаа харцгаан сэтгэлээ дэвтээдэг.

    Ингээд бид ядаж л зовлон багатай амьдарч байгаад үхэцгээхийг л амьдралын утга учраа болгосон юм. Тийм учраас бид хамтралыг бий болгон аюул багатай, тав тухтай орчныг бүрдүүлж эхэлсэн. Энэ бол соёл иргэншил. Цаашид улам төгөлдөржүүлэх зорилготой. Сайжруулах үйл явцад хувь нэмрээ оруулсан нэгнээ олон нийтээс (төрөөс гэсэн үг) шагнаж урамшуулдаг, гай болсон нэгнээ шийтгэж шоронд хийдэг. Бид өөрөө өөрсөддөө бурхан. Бидний амьдралын утга учир энэ хүрээнд л буй. Нийгмийг хувь хүмүүс бүрдүүлдэг тул та энэ хамтралын салшгүй нэг хэсэг.

    Одоо хүн төрөлхтөн, нийгэм гэж ярихаа болиод таны, миний амьдралын утга учир юу вэ гэе. Тэр тохиолдолд ялгаагүй, олон нийтэд хэрэг болох, мөн өөртөө ч хэрэг болох ямар нэгэн зүйлийг олж хийх юм. Мэдээж та тэр үйлдээ дуртай байх ёстой. Нийгэмд байр суурь эзлээд бусдын хүндэтгэлийг олж авах хэрэгтэй. Баян болохыг хүсдэг бол тэр л биз. Амьдралын утга учир гэх ямар нэгэн тэнгэрийн юм бол байхгүй. Амьдралын утга учраа бид өөрсдөө бий болгодог аж.

  8. 1. Бид амьдралаас эсэн мэнд явж чадахгүй учраас амьдралын утга учрыг энэ амьдралаасаа хайх хэрэгтэй.
    2. Энэ амьдралаасаа хайх тэрхүү утга учир юу байх нь тухайн хүн эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү гэдгээс шалтгаална. Яагаад гэвэл эрэгтэй хүн, эмэгтэй хүн өөр юм. Тэдний сонирхол, амьдралыг харах өнцөг, мөрөөдөл, зорилго, сэтгэл зүй, бие организм, байгалийн өгөгдөл нь өөр.
    3. Утга учир гэдэг үгний талаар. Утга учир нь дангаараа орших боломжгүй. Түүнийг зорилго бий болгодог. Зорилго байхгүй бол утга учир байхгүй гэсэн үг.

    Энэ утгаараа эрэгтэй хүний зорилго, эмэгтэй хүний зорилго тэнгэр газар шиг ялгаатай юм. Хэрэв зорилго байхгүй тэрийгээ бий болгох хэрэгтэй, ялангуяа эрэгтэй хүмүүс. Ингээд эрэгтэй хүмүүс зорилготой боллоо гэж бодоход тэр нь эцсийн эцэст "амжилт" л байдаг. Юун амжилт гэхээр "ялалтын амжилт". Хэн нэгнийг ялахгүйгээр ямар амжилт ирэхэв? Өөрөөр хэлбэл бусад эрэгтэйчүүдтэй өрсөлдөх ёстой болж байна. Тэр өрсөлдөөн нь юу ч байж болно, жишээ нь спортын, ажил хэргийн, эсвэл бүр дайн тулааны гэх мэт. Гол нь өрсөлдөх. Ялахын тулд мэдээж тэмцэнэ. Ингээд амьдралын утга учир "тэмцэл" болж хувирна. Ялагдахгүйн тулд хүчтэй байх шаардлагатай - оюун санаа, сэтгэл зүй болон бие махбодийн хувьд. Эрэгтэй хүүхэд анхнаасаа л байлдаж тоглодог нь тэд төрөлхийн дайчид юм. Дайнгүй энхийн цагт тэд түүнийг ямар нэгэн юмаар орлуулна - хөл бөмбөг, сагс, гольф, бокс гэх мэт. Тэд тэмцэхгүй л бол цус нь буцлаад байдаг.

    Харин эмэгтэй хүний амьдралын утга учир бол шал өөр ертөнц. Тэд аюлгүй тав тухтай орчинд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг. Тийм учраас эмэгтэй хүүхэд нямбай, цэвэрч, аж ахуйч байх ба хүүхэлдэйгээр тоглодог - хүүхэлдэйгээ хувцаслаж үсийг нь самнаж арчилж тордож өвөртөлж унтана.

    Эцэст нь энэ хоёр төрлийн амьдралын зорилго, утга учир нь нэгэн сэдлээр эхэлж нэг цэгт уулзана. Тэр нь үржих үйл явц юм. Хоёулаа үр удмаа үлдээхийг хүснэ, үржлийн насан дээрээ бие организм нь тэгэхийг шаардах нь мэдээж, гэхдээ энэ тийм энгийн зүйл биш. Тэд үр удмаа үлдээж л байвал боллоо гэсэн байдлаар ханддаггүй. Тэд "ямар үр удам үлдээх вэ" гэдгээ шийдэж ядна - гэхдээ тэрийгээ барин-тавин тэрийгээ ухамсарлахгүй. Эхний шаардлага нь эрүүл саруул байх, дараа нь өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байх. Юу гэхээр, эрэгтэйчүүд гоо үзэсгэлэнг биширнэ, эмэгтэйчүүд хүч чадлыг биширнэ - энэ хоёр өөр боловч угтаа нэг зүйлийн хоёр тал юм. Гоо үзэсгэлэн ба хүч чадал - ертөнцийг хөдөлгөгч хоёр хүч.

  9. Хүүхэд байхдаа би амьдралын утга учрын тухай боддоггүй байлаа. Би зүгээр л амьдардаг байв. Нохой муур шиг унтаад л, гадаа нар салхинд налайгаад л. Гадаа тоглох дуртай байлаа. Гэр дотор өдрийг өнгөрөөхийг хүсдэггүй байв. Халтар хултар, эцэж цуцсан амьтан гэртээ орж ирнэ. Бүхэл өдрийг гадаа гүйж харайн өнгөрөөнө. Хоол унднаас авсан хамаг эрчим хүчээ үр ашиггүй зүйлд зарцуулна. Гал тогооны өрөөнд наана цаана холхин, аяга сав тачигнуулан хийсэн ээжийн хоолыг гялс гударч гараад угааж өгсөн хувцасыг нь хир даг болгочихоод ирнэ. Өвөл гадаа хүйтэн, гэр дулаахан. Яагаад гадаа хүйтэн, харин гэр дотор дулаан байгааг ойлгохгүй. Нэг нь гал түлдэг байлгүй. Юун хариуцлага, бүх юм бэлэн. Тийм байхад амьдралын утга учрын бодох шаардлага байхгүй. Сэтгэл хангалуун амьтад юу бодох ёстой.  Ямар нэгэн юм дутагдаад ирэхээр хүн илүү дутуу юм бодож эхэлдэг бололтой. Үнэндээ хүүхэд насанд тэр бүхэн чухал биш, харин хорвоо ертөнцтэй танилцаж авах нь чухал юм. Амьдралд бэлтгэгдэж байгаа нь тэр юм л даа. Ашиг тус нь шууд харагдахгүй ч гэсэн тэр үйлдлээ олон удаа давтана, гэхдээ өнгөцхөн харахад тэдгээр нь ижилхэн үйлдэл мэт боловч ойртоод харвал давталт болгон нь өөр.

    Дунд ангид орлоо, нэг охинд сайн болов. Дашрамд, бид охид хөвгүүдээрээ ялгардаг байлаа. Холилдохгүй, хөвгүүд хөвгүүдтэйгээ, охид охидтойгоо л нийлнэ. Угаасаа тэгэхгүй бол яриа нийлэхгүй байлаа. Сонирхол нь өөр. Хөвгүүд цугларахаараа ямар нэгэн (материаллаг) зүйлийн тухай ярьдаг, ингээд охид ирэнгүүт больчихдог, ярианы уур амьсгал 180 градус эргэнэ. Танин мэдэхүйн нэвтрүүлэг байсан бол шууд "танилцах үдэшлэг" гэмээр юм болж хувирдаг байлаа. Биеийн хэллэгүүд нь өөрчлөгдөж хөвгүүд охидод "мундаг" болж харагдах гээд л (нэгнийхээ дээр гарах гээд байгаа ч юм шиг), охид нь болохоор "айлгүйтээд" л. Тэгэнгүүт би тэндээс явчихдаг байлаа. Нөгөө "охинд сайн болсон" тухай руугаа эргээд оръё. Байрны гадаа тоосго буулгасан байлаа. Байрныхаа цонхоор тэр тоосгонуудыг харахаар очоод өрчихмөөр байдаг байв. Ингээд нэгэн амралтын өдөр гэрээсээ гарч очоод нөгөө тоосгонуудыг захаас нь өрж байв. Лего тоглоом шиг санагдсан байх. Гэтэл царай нь гэрэлтсэн нэг охин хүрээд ирдэг юм байна. Бид хоёр дээвэргүй жижигхэн байшин (хэдэн өрөөтэй) хийж эхлэв. Хааяа харц тулгарахаараа тэр нь ердийнхөөс арай л удаан үргэлжилнэ. Тэр надад найз шиг биш, харин нэг тийм ер бусын үзэгдэл шиг л байлаа. Ингээд манарчихсан байж байтал хөвгүүд хүрч ирээд "романтик кино" төгсөв. Ахиж уулзаагүй шалтгаан бол тэдгээр хөвгүүдийн дунд миний эзлэх байр суурь доогуур байсантай холбоотой. Хөвгүүд өөр хоорондоо эрх мэдэл булаацалддаг, харин охид тэр үйл явцыг чимээгүй ажиглаж сонголт хийдэг болохыг сүүлд ойлгосон юм. Би хулчийсан гэсэн үг.

    Ингээд оюутан боллоо, сурсан дүр эсгэлээ. Нэг мэдсэн эхнэр хүүхэдтэй болчихсон байна. Тэгэх шаардлага үнэхээр байсан ч юмуу, бөөн мөнгөний асуудалтай тулгарав. Мөнгө-мөнгө бас дахин мөнгө болоод явчихав. Амьдрал нэг л утгагүй болов. Амьдралын утга учир юу вэ? - байнга шахам энэ тухай бодно. Ингээд амьдралын утга учрын эрэлд гарлаа. Зах хязгааргүй элсэн цөлөөр алхаж яваа мэт сэтгэгдэл төрж байлаа. Хэн нэг нь тааралдах байх гэж найдсан байдалтай, гэхдээ тааралдахгүй ч байх гэх бодол зүрхэнд шар ус хуруулна. Гэтэл аз болж нэгэн хөндийд баян бүрд аятай хэсэг хүмүүс эд агуурстайгаа бууж тухалсан байв. Очлоо, эхнэр нөхөр бололтой хос сууна, эхнэр нь цай ууна, нөхөр нь тамхи татах аж. Хоёулаа бодлогоширон чимээгүй гөлрөнө, дэргэд нь нэг алаг нохой үхсэн мэт сунаад хэвтчихэж. Цаана нь ээж охин хоёр бололтой, ээж нь охиныхоо үсийг самнаж байна. Охин залхсан байрын царай гаргачихсан, харин ээж нь их л ууртай харагдана - үсийг нь зулгаан барин замнах аж. Гаднаа элдэв хувцас хунар, авдар сав хөглөрсөн, асар гэхэд хайшаа юм, гэр гэхэд бас арай биш юм руу би яваад орчихов. Тэнд нэгэн буурал сахалтай эр нэлээд үнэтэй гэмээр чамин сандал дээр суучихсан газар ширтээд уйлж байх юм - нус нулимс нь дусаад л ихэд шаналж байгаа бололтой. Юу болсон тухай нь асуух санаатай дөхтөл гэнэт над руу нулимс дүүрсэн улаан нүдээрээ харан долоовор хуруугаа гозойлгон аман дээрээ дараад "Чшшш... юу ч битгий ярь" гэв. Гайхаж цочирдсон би хөдөлгөөнгүй зогсоно. Тэгснээ тэр нүдээ надаас салгалгүйгээр суудлаасаа босонгоо "Амьдралыг үгээр илэрхийлдэггүй юмаааааа..." гээд муухай орилж гарав. Би ч айсандаа тэндээс гараад явтал араас дуу нь ойртоод байх шиг болохоор нь хурдаа нэмэн гүйх гэтэл сэрчихэв. Зүүд байж.

    Сэрчихээд баахан бодлоо. Юу ч ойлгосонгүй, зүгээр л нэг хар дарсан зүүд биз. Тэрнээс өмнө би нэг нөхрийн (сэтгэл зүйчийн) номыг хагас дутуу уншсан юм. Тэнд "амьдралын утга учир бол эмх цэгц болон эмх цэгцгүй байдал хоорондын тэнцвэр гэх ба өчигдөр бол сургамж (түүх), өнөөдөр бол эмх цэгц ("тодорхой бөгөөд ойлгомжтой байдал" гэж байх шиг байна), маргааш бол учир битүүлэг (юу болохыг хэн ч мэдэхгүй учраас айдас төрүүлдэг). Тэрээр учир битүүлэг байдал руу хүн зориглон орох шаардлагатай байнга тулгардаг. Тэр учир битүүлэг байдал руу орсноор түүнийг ойлгомжтой болгож эмх цэгцэд оруулснаар амьдралын утга учир бий болдог" гэж байлаа. Зохиогчийг нэрээр нь интернэтээс хайтал бичлэг нь ютуб дээр байна. Үзтэл нь яг тэрхүү амьдрал бол эмх замбараагүй хөдөлгөөн буюу "хаос" гэсэн сэдвээр ярьж байсан ба тэр үедээ гуниглан уйлж байдаа. Тэр үед сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн байна гэж бодоод өнгөрсөн юм. Тэр бичлэгнээс л болсон байх. Яахав, тэр зүүд олзуурхууштай зүйл байлаа. Яагаад гэхээр тэндээс нэг юм ойлгож эхэлсэн юм. Үг бол токен (нэгж), өгүүлбэр бол логик (утга) гэвэл үгийн илэрхийлэх чадвар хязгаартай болно. Харин сонсох, үнэрлэх, харах нь тархинд илгээх мэдээлэл хязгааргүй шахам. Хиймэл оюун ярьж бичдэг шигээ бодит амьдрал дээр үйлдэл хийж чаддаггүй. Эсвэл инженерийн хэл факт дээр тогтдог бол үзэл бодлын хэл мөнхийн маргаан дагуулдаг. Амьдрал бол инженерчлэл биш. Тэгэхээр амьдралын утга учир үнэхээр үгээр тодорхойлогддоггүй. Амьдралын утга учрыг хэдэн үг холбоод илэрхийлэх боломжтой тийм хялбар эд биш юм. Хүн болгоны амьдралын утга учир өөр байх боломжтой. Яахав, дээрх номын зохиогч шиг нийтлэг байдлаар нь "оролдож" болох юм. Түүнийхээр бол амьдрал бол "аялал" гэдэг. "Хүн том зорилго тавиад түүнийхээ араас явах ёстой, ингэснээр амьдрал нь адал явдалтай болно, харин адал явдалтай болсноор амьдрал "утга учиртай" болно" (хүсэл эрмэлзэлтэй байх ёстой) гээд байх шиг. Гэхдээ тэр "гэрээсээ гараад хаашаа ч хамаагүй яв" гээгүй. Математикийн бодлого бодох нь хүртэл өөрөө амьдрал дахь аялал гэнэ. Аялал гэдэг шинэ зүйлтэй тулгарах тухай. Тэр шинэ зүйл нь сорилт мэт ойлгогддог учраас хүмүүс шинэ зүйлээс айдаг. Гэтэл тэр нь шинэ боломж байсан ч байж болно. "Амьдралын 12 дүрэм" номондоо тэр (монголчилбол) "хүн хонь шиг биш чоно шиг амьдрах ёстой" гэдэг. Залуусыг "араатан шиг хэрцгий бай" гэлээ гэж салбарынхан нь шүүмжилж байв. Их бага заавал ямар нэгэн зорилго тавь гэдэг ч "өнөөдрийг" (одоо цагийг) орхигдуул гээгүй харин ч бүр "өнөөдөр" бол цорын ганц бодит зүйл гэдэг. Бас бусадтай эелдэг харьцах, үзэл бодол таарахгүй байсан ч бусдыг гутаахгүй байхыг зөвлөдөг. Энэ бол харилцааны урлаг, харин харилцаа бол амьдрал. Хэрэв сонирхож байвал түүний нэр Жордон Питерсон.

  10. Нийгмийн төгөлдөршил, техник технологиийн хөгжил, амьдралын чанарын өсөлт сайндаа ч явагддаг зүйл биш юм. Энэ нь бидний амьдралтай хийж буй тэмцлийн нэг хэлбэр.

    Бид хөгширдөг, эрүүл мэнд доройтдог, юмс элэгддэг, эргэн тойрны хүмүүс нас бардаг. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал улам хэцүү болдог. Бид төрсөн цагаасаа эхлэн дандаа урууддаг. Ямар нэгэн зүйл хийхгүй бол байдал цаашид улам муудах болно. Өнөөдөр нь өчигдрөөсөө, маргааш нь өнөөдрөөсөө дорддог.

    Цаг хугацаа бүх зүйлийг эвдэн сүйтгэдэг. Тиймдээ ч бид үүнийг сөрөх байдлаар амьдардаг. Өвдөлтөө намдаахын тулд гэр бүл зохиож хүүхэд төрүүлж эд хөрөнгө хураадаг, зарим нь нэр алдрын араас явдаг.

Хариулах