Таагүй дурсамжуудаа мартах гэж оролдох хэрэггүй
Мартах гэж оролдох тусам улам санагдана. Тэрний оронд утга учрыг нь алдагдтал бод. Аливааг удаан бодох тусам тэр зүйл утга учраа алдаж эхэлдэг - Үгийг олон давтвал улиг болдогтой адил юм. Сүүлдээ тэр түүх худлаа ч юм шиг санагдах болно.
Амьдралыг амар амгалан гэж ойлгож болохгүй. Амьдрал хэзээ ч амар амгалан байгаагүй, тийм болох ч үгүй. Үнэндээ үймээн самуун, эмх замбараагүй байдал. Болоод өнгөрсөн үйл явдал бол амьдрал. Болох зүйл болдогоороо болсон гээд ойлгочих. Ер нь ч тэгээд өндөг шиг өөгүй амьдралаар амьдраад хүн аз жаргалтай болдоггүй - Цаанаасаа зовлонгийн дундуур туучин гарах зориулттай амьтан учраас.
Хүн угаас тайван байж чаддаггүй амьтан. Оюун санаа нь үргэлж бүтэн идэвхжилттэй, бужигнаантай. Дотоод ертөнц нь сорилтыг давахад бэлэн, дасан зохицоход бэлэн, хөгжихөд бэлэн, чинэрсэн байдалтай байдаг. Гэтэл гадаад ертөнцөд нь юу ч тохиолдохгүй үед тэр хоёр хоорондоо хамт зохицон оршин тогтнож чаддаггүй - Үр дүнд нь стресс, сэтгэлийн хямрал.
Муу дурсамжууд хүнийг өөрчилдөг. Тэр чамайг заавал өөрчилнө, эсэргүүцэх хэрэггүй. Тэдгээрийг бараг өдөр бүр бодож шанална гэдэг нь тэдгээр дурсамжууд чамайг өөрчлөхийг оролдож байна гэсэн үг. Өнөөдрийн чи бол өнгөрсөн үйл явдлуудын бүтээл. Хэн ч цэмцгэр өнгөрсөнтэй байдаггүй. Хэлж ярьдаггүй л болохоос бүгд эрээн бараан дурсамжтай - Гээд юу ч болоогүй мэт амьдарцгаадаг (тэгэхээс ч өөр яахав). Тэдгээр эвгүй дурсамжуудад цочирдоод буй эд эсүүдийнхээ учрыг олох хэрэгтэй - Тэдгээрээ устгаж байж л тайвшрах байх даа. Дурсамж хичнээн муухай байлаа ч, тэр бол амьдралд байдаг л зүйл - Нэгэнт тэр тохиолдсон бол тэр байдаг л зүйл гэсэн үг. Нэгэнт байдаг зүйлийг яалтай билээ.
Гоо сайхан бидэнд итгэл найдвар төрүүлдэг, гэвч яаж ч гоёж чимээд амьдрал өөрийнхөө төлөвийг өөрчилдөггүй. Энэ утгаараа зарим сэтгэгчид "гоо сайхан хуурамч" гэдэг. Энэ бол гутранги үзэл. Хүн амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд тодорхой хэмжээнд "хуурамч" байхаас өөр замгүй, үгүй бол галзуурна биз дээ.
Амьдрал донтолт дээр тогтдог. Донтолт олон янз: Урлаг, гоо сайхан, цай, кофе, тамхи, архи, секс... гээд цаашаа амтат хоол, ресторан, зугаа цэнгэл, харилцаа, сошиал, тоглоом, үйлчилгээ, тэгээд мэдээж мөнгө. Хүний амьдрал тэр чигээрээ донтолт. Эдгээр донтолтуудыг аваад хаячихвал амьдрал тэсэхийн аргагүй уйтгартай - Тэр ямар ч утга учиргүй болно.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.