"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Эх хэлнийхээ үгийн баялагт (үгсийн санд) анхаарах ёстой

Нийтлэл

... анхаарах хэрэгтэй биш бүр ёстой - дургүй байсан ч хэрэгжүүлнэ гэсэн үг. Чухал шийдвэрүүд ёсоор гардаг болохоос хэрэгтэй санагдаад гардаг юм биш. Ёстой учраас хэрэгтэй, харин хэрэгтэй учраас ёстой гэсэн юм байдаггүй. Хэрэгтэй учраас гээд юу дуртайгаа хийгээд байж болохгүй гэсэн үг. Ёс бол хэм хэмжээ, харин хэрэг бол хязгааргүй бөгөөд ёс суртахуунгүй.

Эх хэл гэдэг боловч үнэндээ эцэг хэл юм - заавал эцэг эхийн аль нэгийг оруулах ёстой юм бол. Хэрэв "эх" гэж ээж гэсэн утгаар хэрэглэж байгаа бол буруу, харин "эх ундарга" (аливаа юмны эх) гэсэн утгаар бол зөв. Эх орон биш үнэндээ "эцэг орон" юм - оюун санааны хувьд. Оросын "отечество" нь бас "отец" буюу "эцэг" гэсэн үгийн үндэстэй. Ер нь Ромын латин хэл соёлын төвтэй Европ өөрөө бас "эцэг орон" гэсэн утгаар эх орныг нэрлэдэг, жишээ нь "fatherland" (англи), "la patria" (испани), "vaterland" (герман) гэх мэт. "Patriot" - эх оронч гэж орчуулж болох ч махан орчуулга нь "эцэг оронч", бүр нарийн үзвэл "эцэг  нэгт" эсвэл "ахан дүүс" ч гэж болохоор болно. Харин оросын "родина" бол "төрсөн нутаг" гэсэн утгаас хэтрэхгүй. Зүгээр дараа нь "Аугаа эх орны 2-р дайн" (Дэлхийн 2-р дайн) болж үзэл суртал, уриа лоозон болсоор эцэстээ өдөр тутмын хэрэглээний үг болчихсон юм. Тэгэхээр эцэг нь хүүдээ өөрийн эцэг өвгөдөөс уламжлан үлдээсэн эд агуурс болон хэрэгслүүдийн нэрсийг цээжлүүлж, дараа нь тэдгээрийг хэрхэн зөв ашиглах талаар заадаг. Хазаар, эмээлийн бүүрэг, дөрөө, чөдөр, амгай, уурга гэх мэт нь байдаггүй бол хэлээр ч яах юм.

Залуучууд эх хэлээрээ яримаар байна. Хэрэв залуучууд нь эх хэлээ хүндлэхгүй байгаа бол энэ нь дунд насныханы буруу. Аав нь, ах нь, багш нь түүхэн үүргээ гүйцэтгээгүй - арай дээд үеийнхэн. Д.Нацагдоржийн хэлдэгээр хот/хөдөөгийн байдал шалдар булдар, өнгө мөнгөний хойноос ухаанаа алдан гүйсээр нэг мэдэхэд гол зүйлээ алдчихсан - тэр нь хэл соёл. Гадаад үгийг авч болохгүй гээгүй, болно. Бараг бүх улс тэгдэг, энэ нь үгсийн санг баяжуулдаг. Тэр нь зөв, гэхдээ орлуулах монгол үг байгаа бол тэрийгээ ашиглах ёстой. Английн Оксфордын толь бичиг 600 мянган үгтэй байх ба ихэнх үг нь олон улсаас зээлсэн үгнүүд байдаг. Гэхдээ Оксфордын гол зарчим нь шинэ үг нь нэгдүгээрт хэрэглээнд нэвтэрсэн байх, хоёрдугаарт тэр нь бие даасан онцлог утга гаргадаг байх гэдэг. Оросууд бас их хэмжээний латин үг авч ашигладаг боловч өөрсдийн хэл аялгад тохируулан бага зэрэг өөрчилдөг. Тэгэхээр гадаад үгээр эх хэлээ баяжуулж болно. Гэхдээ нэр үгний монгол хувилбар нь байгаа бол тэрийгээ ашиглах, харин үйл үг өөрчлөгдөх ёсгүй. Учир нь үйл үг бол тухайн хэлний амин сүнс нь юм.

Сэтгэгдэл бичих