"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Израил–Палестины мөргөлдөөн

Нийтлэл

Израилын үүсэл гарлын тухай эхлээд товч өгүүлэх хэрэгтэй байх. Бүр эртний (МЭӨ 1000-500 он) түүхийг зөвхөн Библийн (хуучин гэрээ) домгоос (хэдийгээр батлагдаагүй ч гэлээ) харах боломжтой. Тэнд өгүүлснээр израилчууд (сүүлд еврейчүүд гэх болсон) Египтэд амьдардаг байсан гэдэг ба тэднийг Фараон өсөж үржихээс сэргийлж хүнд хүчир боолын ажилд дайчилдаг байсан гэдэг. Дараа нь Мосе/Моисей (зөнч - израилчуудын удирдахаар Бурханаас сонгогдсон хүн) израилчуудыг дагуулан тэндээс зугатаж зүүн хойшоо Синайн хойгийн уулсыг гатлах ба тэнд Моисей нь Бурхантай холбоо тогтоон түүнтэй гэрээ байгуулдаг. Бурхан тэдэнд Канааныг (өнөөгийн Израил/Палестины газар - бага зэрэг том) өгөхөөр амлаж оронд нь заавал баримтлах 10 дүрэм болон бусад заавруудыг дагахыг зарлигддаг. Тэдгээрийг дурдвал:

1. Өөр бусад Бурхан шүтэж болохгүй.

2. Шашны зүйл, дүрсийг бүү бүтээ.

3. Бурханы нэрийг элдэв зорилгоор хэрэглэж болохгүй.

4. Долоо дахь өдрийг ариун байлгах (амралтын өдөр - цагийг үр дүнтэй өнгөрөөх, бие биеэ тусалж дэмжих, холбоо харилцаагаа сайжруулах г.м)

5. Эцэг эхээ хүндэл.

6. Хүнийг алж болохгүй.

7. Завхайрч болохгүй.

8. Хулгай хийж болохгүй.

9. Худлаа ярьж болохгүй.

10. Бусдад атаархаж болохгүй.

Моисей нас барсны дараа Йошуа, дараа нь Саул, тэгээд Давид болон Соломон үйл хэргийг нь залгамжилдаг.

Тэд Йошуагийн удирдлага дор Канааныг байлдан эзэлж тэндээ 3 хэсэг овог (Йуд, Эфраим, Манассе) болон хуваагдан оршин суурдаг. Йошуа тэдний "зохион байгуулагч" нь байлаа. Дараа нь Давид дараа нь Соломон хаанаар өргөмжлөгдөж хаант улсаа байгуулсан байдаг. Улсынх нь нэр Израил, нийслэл нь Иерусалем (утгачилбал "Энхтайваны хот" эсвэл "Энхтайваны үүсгэн байгуулал").

Гэвч Соломон нас барсны дараа Израил нь Самария (хойд Израил), Иерусалем (өмнөд Израил) болон хоёр хэсэгт хуваагддаг. Эцэст нь Йуд овгийнхон улсаа нэгтгэн Йудийн хаант улс гэгчийг байгуулдаг (энэ үеэс тэдний еврей, жүүд гэх болсон гэдэг) боловч МЭӨ 722 онд Вавилончуудад (өнөөгийн Иракийн түүхт хот) эзлэгддэг. Ингээд вавилончууд тэдний сүм хийд, соёлын өвийг нь устган иргэдийг нь албадан нүүлгэж Вавилон хотод авчирдаг. 50 жилийн дараа Вавилон өөрөө Персүүдэд (өнөөгийн Иран, Азейрбайжан, өмнөд Кавказ) эзлэгдэх бөгөөд персүүд тэднийг Канаан руугаа буцахыг зөвшөөрдөг. Дараа нь Грекийн Александр Македон, тэгээд Ромын эзэнт гүрэн тус бүс нутгийг эрхшээлдээ оруулсан байх үед еврейчүүд бослого гаргадаг ч (татварын дарамт, шашны хязгаарлалт гэх мэтийг эсэргүүцсэн тэмцэл) дарагдаж Ромчууд тэднийг Иерусалимаас хөөж гарган (МЭ 135 он - Библийн шинэ гэрээ бичигдэж эхэлсэн байх үе) нутгийг нь "Сири Палестин", нийслэлийг нь "Элия Капитолина" гэсэн латин нэртэй болгон өөрчилдөг. Нурж сүйдсэн Иерусалимын суурин дээр шинэ хот барих ба тэр нь өнөөгийн Хуучин Иерусалимийн өнгө төрх болж үлдсэн байдаг.

Хавчигдсан еврейчүүд Ромын бусад хотууд (Европ руу зарим нь Африк) руу дүрвэж эхлэв.

Үүний дараа Ромын эзэнт гүрний хүч суларч Баруун, Зүүн Ром болж хуваагдсан Византын эзэнт гүрний үед Христийн шашин нэвтэрч Иерусалим нь Христийн шашны төв болж еврейчүүдийг тийш нь нэвтрэхийг хориглож байв.

МЭ 638 оноос Исламын шашинт Халифат улсуудын эрхшээлд орноор Иерусалимд Исламын дуганууд (Чулуун дуган, Аль-Акса г.м) баригдаж хүн ам нь аажмаар араб хэлтэй исламын шашинтнууд зонхилж эхэлсэн гэдэг. Еврейчүүд болон Христийн шашинтнууд эрхээ хамгаалуулахын тулд татвар төлж байлаа. Иерусалим нь Исламын шашны төв болон хувирдаг.

Харин 1099-1187 онд Европын Загалмайтны аян дайны үр дүнд Иерусалмийн вант улс гэж байгуулагдсан боловч удалгүй Курдуудад буюу султанат Айюбидад эзлэгдэж дараа нь Мамлюкуудын (Туркийн цэргийн оргодлууд - Кавказаас хулгайлагдсан эрх чөлөөгүй боол-цэргүүд) хяналтад ордог.

Тэгээд 1517 оноос Османы эзэнт гүрний харъяанд орох үес еврейчүүд олноороо Европ руу ажил хайн дүрвэцгээж байв. Гэвч баруун Европын улсууд (Франц, Итали, Британи) тэднийг хавчин гадуурхаж байсан тул ихэнх нь зүүн Европ (Польш-Литвийн хамтын нөхөрлөл, өнөөгийн Румын, Украин, Орос) руу шилжин суурьшицгааж тэндээ Еврейн нийгэмлэг болох Ашкеназийг байгуулдаг.

1795 онд Герман (тухайн үеийн Ариун Ромын Эзэнт Гүрэн) болон Оросын эзэнт гүрэн Польш-Литвийн хамтын нөхөрлөлийг баруун зүүн талаас нь хэмлэсээр бүрэн эзэлж дуусгадаг ба ихэнх еврейчүүд Оросын хилийн бүс дотор үлддэг. Гэвч Оросын хаан Александр II анти-монархистуудад алагдсаны дараа түүний хүү Александр III хаан ширээг залгамжлан аавыгаа алагдсанд еврейчүүдийг буруутган тэдний эсрэг хэрцгий бодлогуудыг явуулдаг (ялангуяа Украин дахь еврейчүүдийн эсрэг - газар эзэмших, сурч боловсрохыг хориглох, тэдний эсрэг үйлдсэн гэмт бүлэглэлүүдийн хорлон сүйтгэх ажиллагаа, аллагыг төр засаг нь огоорох г.м ). Үүний нөлөөгөөр 1882-1903 онд еврейчүүд Европоор дамжин Америк руу явж, зарим нь Франц, Британид үлдэж байлаа. Бусад (30,000 орчим) нь Палестин руу дүрвэдэг (энэхүү дүрвэлтийн давалгааг "Нэгдүгээр алия" гэж нэрлэдэг), "алия" - өөд өгсөх, мацах (еврей үг). Цааш

Франц-Пруссын дайны дараа буюу 1894 онд Францын еврей цэргийн ахмад Альфред Дрейфус Германы талд тагнуул хийж байсан гэдгээр буруутгагдан шүүхээр ордог. Буруутай нь нотлогдоогүй ч Францын олон нийт түүнийг яллахыг шаардаж байв. Үүнийг харсан сэтгүүлч Теодор Херцль "антисемитизм" гэх нэр томъёог гаргаж "Еврейн улс" гэдэг номоо хэвлүүлдэг. Түүнийг сионизмийг үүсгэн байгуулагч гэдэг. Сион гэж Иерусалим дахь еврейчүүдийн шүтлэгт уул юм. Тухайн газар нь Палестин гэдэг нэрээр Османы эзэнт гүрний эзэмшилд байв. Тэрээр Швецарт сионист их хурлыг байгуулж Османы эзэнт гүрний султан Абдул Хамид II-тай уулзаж газар нутаг гуйдаг боловч зөвшөөрсөнгүй. Британи түүнд өөрийн Африк дахь колони Угандагийн Виктория нуурын баруун эргийг (өнөөгийн Кени) санал болгодог ч Херцль татгалздаг. Зөвхөн Палестинд гэж зүтгэж байв.

Хоёрдугаар алия (1904-1914), Бараг 40,000 еврейчүүд Палестинд ирж Тель-Авив хавьцаа хөдөө аж ахуй эрхэлдэг. Еврей хэл (иврид) нь шашны хэл байсан бол удалгүй өдөр тутмын хэл болж хувирна.

Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж Османы эзэнт гүрэн Германы (Антант гурвалсан холбоо) талд байлдаж байв. Османы харъяанд байсан Арабын орнуудад тусгаар тогтнолыг нь олгоно гэж Британи, Франц амлаж байв. Ингээд арабууд Туркийн эсрэг тулалдсанаар Османы эзэнт гүрэн задарч Ойрх Дорнодод шинэ улсууд бий болдог - Ирак, Сири, Иордан, Саудын Араб г.м. Гэвч Британийн гадаад хэргийн сайд Палестинд Еврейн улс байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэх ба энэ нь Арабын орнуудын (мэдээж ялангуяа Палестины) дургүйцлийг үүсгэдэг.

Гуравдугаар алия (1919-1923), Британийн Палестин дахь мандатын (дайн дараа байгуулагдсан Үндэснүүдийн Лигийн шийдвэрээр Британид олгосон мандат - Палестиныг хянах, тэнд цэргээ байршуулах) нөлөөгөөр 35,000-40,000 еврейчүүд Польш болон ЗХУ-ын Украинаас ихэвчлэн очицгоодог.

Дөрөвдүгээр алия (1924-1929), 80,000 Польш, Унгарын еврейчүүд Палестинд шилжин ирэв. Тухайн үед дэлхий нийтэд үйлдвэржилт явагдаж байсан тул Палестин дахь еврейчүүдэд бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтнүүд шаардлагатай болж байв. Тель-Авив орчин үеийн хот болон өөрчлөгдөж эхлэв.

Тавдугаар алия (1929-1939), Хитлерийн еврейчүүдийн эсрэг үйл ажиллагаанаас болоод 250,000 хүн Герман, төв Европоос Палестин руу цувдаг. АНУ тухайн үед эдийн засгийн Их хямралаас үүдэн цагаачлалын хатуу бодлого баримталж байлаа. Бас Британийн мандат нөлөөлж байв. Ингээд Палестины хүн амын 1/3 еврей болов.

Палестины бослого (албан ёсны нэр нь "Арабын бослого" 1936-1939), Палестины элитүүдийн үүсгэсэн "Арабын дээд хороо" (Arab Higher Committee) гэж еврейчүүдийн нүүдэл болон тэдний газар эзэмшил, Британийн мандатыг эсэргүүцсэн байгууллага цэр зэвсэг цуглуулж аллага, хорлон сүйтгэж үйл ажиллагаа зохион байгуулж байв. Хариуд нь еврейн экстримист байгууллага "Иргун" босогчдын эсрэг, зарим тохиолдолд англичуудын эсрэг "арабуудын талд ажиллаа гэдэг шалтгаанаар" элдэв халдлага үйлддэг. Британи мөргөлдөөнийг зогсоох зорилгоор газар нутгийг Еврей болон Арабын улс болгон хуваасан хилийн зурвас бүхий газрын зураг (Еврей нь хойшоо Ливантай хиллэж Иерусалимын баруун тийш эрэг хүртэл, харин Араб нь Йордантай хиллэж, өмнөд цөл Негев бүхэлдээ орж байв - мэдээж Британи Иерусалимд засаг барина) танилцуулдаг боловч арабууд хүлээж авдаггүй. 1937 онд Британи нэмэлт хүч илгээн "Хагана" гэх бас нэгэн еврейн нөгөө жигүүрийн цэрэгжсэн байгууллагатай хамтран бослогыг хэрцгийгээр нухчин дардаг. Тэгээд Британи "Цагаан ном" гэх захирамж гаргах ба тэнд еврейчүүдийн нүүдлийг хязгаарласан, газар эзэмшиг эрхийг хязгаарласан шийдвэрүүд байв (жишээ нь ойрын 5 жилд 75,000 хүнээс хэтрүүлэхгүй гэх мэт). Үүнд мэдээж еврейчүүд дургүйцнэ, шийдвэр хэрэгжихгүй.

Зургаадугаар алия эсвэл сүүлчийн алия (1940 ~), Дэлхийн хоёрдугаар дайн эхлэв. 1943 онд Европ дахь еврейчүүдийг Герман хоморголон устгаж эхлэв. 1944 онд Палестин дахь еврейн ажилчин ангийн тэргүүн (сүүлд Израилын анхны ерөнхий сайд болдог) Давид Бен-Гурион 1 сая еврейг Палестин руу нүүлгэнэ гэв. Британи албан ёсоор татгалзсан ч бодит байдал дээр нүүдлийг зогсоох оролдлого хийсэнгүй.

Дайны дараа 1947 онд Британи Палестин дахь мандатаа шинээр байгуулагдсан НҮБ-д шилжүүлэв. Харин НҮБ-ын гаргах 181-р тогтоол, Палестинийг хуваах шийдвэр нь (арабуудын хувьд) өмнөхөөсөө долоон дор болов. Өмнөд цөл Негев болон эрэг бараг бүхэлдээ еврейчүүдийн талд шилжиж (нийт газар нутгийн 55%), Арабуудад (палестинчуудад) үлдсэн уулархаг бүс, Газын зурвас ногдов. Еврей, Араб хоёул 3 хуваагдан байршина (өөрөөр хэлбэл Еврей 3 хуваагдана, Араб бас 3 хуваагдана).

Араб-Израилын дайн (1947-1949), эхэн үедээ Палестины иргэний дайны байдалтай үргэлжилж байгаад дараа нь Британий Палестины мандат бүрэн төгсөж цэргээ гаргаж эхэлмэгц Арабын улсууд (Египет, Сири, Йордан, Ливан, Ирак, Йемен, Судан г.м - Арабын лиг) нэгдэн НҮБ-ын шийдвэрийг эсэргүүцэн дөнгөж тусгаар тогтнолоо зарлаад байсан (1948 он) Израилийн эсрэг тулалдаж эхэлдэг. Израйлийн "Иргүн", "Хагана" зэрэг цэрэгжсэн бүлэглэлүүд нэгдэн "Цахал" (IDF) болов. ЗХУ Израилийг дэмжин Чехословакаар дамжуулан зэвсгийн тусламжийг (байлдааны онгоцуудыг оролцуулаад) илгээж байв. 1949 онд гал зогсоох гэрээ байгуулцгаасан боловч Палестины арабуудын хувьд байдлыг улам бүр дордуулсан шийдвэр гаргацгаадаг. Тухайлбал Египт нь Газын зурвасыг (түр) авч Негев цөлийн өмнөд хэсгийг Израилд өгдөг, Ливан хилийн зурвас тогтоодог (бараг өөрчлөгдөөгүй), Йордан Баруун эргийг (зүүн Иерусалим) авч, Сири хил орчмын жижигхэн газраа тасалж өгдөг. Ер нь бол арабууд ялагдсан гэхэд болно. Палестины арабууд (цаашид палестинчууд гэе) нийт газар нутгийн 78%-ийг Израильд алддаг. Арабын орнууд цэргээ татаж палестинчууд цор ганцаар тэмцсээр үлдэнэ. Израйлийн эзлэн авсан бүр нутгуудад партизаны тулалдаан тасрахгүй. Цахал ширүүн хариу барина. Палестинчууд бүр бүлээ аван нэгэнт Израилийн эзэмшил болсон нутгийг орхин зарим нь Газын зурвас руу, зарим нь зүүн Иерусалим руу дүрвэцгээнэ.

Суэцийн хямрал, Египетийн шинэ ерөнхийлөгч Гамаль Абдель Нассер Британи, Францын хувь эзэмшиж асан худалдааны чухал зам Суэцийн сувгийг нийгэмшүүлдэг. Хариуд нь Израилийн армийг зэвсгээр дэмжин сувгийг эзлэн авахыг оролддог ч бүтэлгүйтдэг. АНУ, ЗХУ хоёр том гүрний оролцоотойгоор асуудал нэг тийш болж дуусдаг. Израил нь Улаан тэнгис руу гарах цорын ганц зам болох Тираны хоолойг ашиглах боломжоо авч үлддэг - хямралын үер Египет тэр хоолойг хаасан байлаа. Хямралын дараа Израил цөмийн зэвсэгтэй болохоор хөөцөлдөж эхлэв. Францын тусламжтайгаар Негев цөлд цөмийн реактор (уран баяжуулах үйлдвэр) барив. Гэхдээ мэдээлэл нь нууц бөгөөд "үндэсний аюулгүй байдал" гэсэн шалтгаанаар олон улсын байгууллагуудыг ч нэвтрүүлдэггүй.

Зургаан өдрийн дайн, 1967 онд Египтийн ерөнхийлөгч Гамль Абдель Нассер Тираны хоолойг дахин хаав. Шалтгаан: 1. НҮБ-ын энхийг сахиулагчид Синайн хойгоос явсан (саарал бүс байхгүй болсон). 2. Ливаны Иордан голын сувгийг (барьж дуусаагүй байсан - зорилго нь Израилийг цэвэр усны нөөцийг хянах) Израил бөмбөгдөж устгасан. 3. Сувгийг устгасанд эгдүүцсэн Ливан, Йордан, Сирийн эрх баригчид Египетэд шахалт үзүүлсэн. Хоолойг хаасныг Израил дайн зарлаж байгаатай агаар нэг хүлээн авч Египет рүү дайрах ба Израилийн зүүн талаас Йордан халдав. Гэвч Израилийн агаарын хүчин Египтийн нисэх буудлуудад гэнэтийн дайралт хийж нисэх онгоцуудыг нь устгав. Агаараас дэмжлэг байхгүй болсон Египетийн цэргүүд ухрахаас аргагүй байдалд орсон гэдэг. Ингээд Синайн хойгийг Израил эзлээд үргэлжлүүлэн Газын зурвас, Баруун эрэг (зүүн Иерусалим), Сирийн Голаны өндөрлөг гээд бүгдийг эзэлдэг. Тийм учраас өнөөг хүртэл "эзлэгдсэн Баруун эрэг (Иордан голын баруун эргийг хэлж байна)" гэсэн НҮБ-ын томъёоллыг хэвлэлийнхэн хэрэглэдэг.

Йом Киппурын дайн (эсвэл Рамадан өдрийн дайн), 1973 онд Египет Синайн хойгоо буцаан авахаар гэнэтийн довтолгоог хийдэг. Хоёр том гүрэн АНУ, ЗХУ энэ асуудалд бас оролцдог. АНУ нь Израилийг дэмжиж, харин Арабийн орнуудын талд ЗХУ орсон байв. Мэдээж зэвсэг нийлүүлнэ. Ялангуяа ЗХУ-ын хөгжүүлсэн агаараас хамгаалах систем их тус болж байлаа. Мөн Арабын ОПЕК орнууд (Саудын Араб, Кувейт, Ирак, Ливи, АНЭУ, Катар) нэгэн зэрэг нефтийн экспортоо зогсоож үнийг нь тэнгэрт гаргадаг. Үр дүнд нь Египет Суэцийн сувгийг гаталдаг ч тэндээс цааш урагшилж чаддаггүй. 1976 онд Египетийн дараагийн ерөнхийлөгч Анвар Садат Израилтай хэлэлцээр хийж Израил нь Синайн хойгоос цэргээ татахаар болж оронд нь Израилийн тусгаар тогтнолыг Египет хүлээн зөвшөөрөх болдог.

Израил-Ливаны дайн, 1982 онд Израилийн цэргүүд Ливан руу нэвтрэв. Тухайн үед "Палестиныг чөлөөлөх байгууллага" Сирийн дэмжлэгтэйгээр Ливанд үйл ажиллагаа явуулж байв Тус байгууллага Израилийн хойд хэсэгт халдлага үйлдээд байсан тул Бейрутыг эзлэн авахаар шийдсэн байлаа. Гэвч Израил зорилгодоо бүрэн хүрч чадсангүй. Үр дүнд нь өнөөх байгууллагын гишүүдийн зарим нь Тунис руу зугатсан, хил дээр аюулгүйн бүс байгуулсан, цэргийн их хохирол амссан, Ливаны энгийн иргэд их хэлмэгдсэн - Олон улсаас шүүмжлэл хүртсэн, Ливанд "Хезболла" гэх дайсагнагч шинэ байгууллага үүссэн гэх мэт.

2000 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон гурвалсан уулзалт хийж нүүсэн палестинчуудын буцах боломжийг олгох, Иерусалимийг Исламын, Христийн, Армяны, Еврейн хороолол болгон 4 хуваах санал гаргадаг. 2002 онд Израилийн ерөнхий сайд Ариел Шарон арабуудын зүгээс "террорист" халдлага үйлдэгдсээр байх тул хэмээн Баруун эрэг болон Газын зурвасыг хааж хамгаалалтын хана барьдаг. Тэгэхдээ Баруун эргийг хумиж барив. Энэ үйлдлийнхээ улмаас Олон улсаас шүүмжлэлт өртөхдөө Газын зурвасаас цэрэг, цагдаа, еврей айлуудыг нүүлгэн гаргав. 2006 онд Палестинд сонгууль болж "Израилийг газрын хөрснөөс арчина" гэсэн итгэл үнэмшилтэй "Хамас" нам ялав. Харин аядуу зөөлөн бодлоготой гэх ФАТХ нам төрийн эрхийг өгөхөөс татгалзан Баруун эрэгт засаглахаар болдог, харин Хамас нь Газын зурвасыг авав.

2007 онд 2 сая гаруй хүн амтай Газын зурвасыг бүслэн гадаад ертөнцөөс тусгаарлав. Хариуд нь Хамас Израилийн тал руу пуужин харвадаг. 2009 онд Газын зурвасын дэд бүтцүүдийг бөмбөгдөж цэргээ оруулж Хамасын хонгилуудыг олж илрүүлэн устгадаг.

2013 онд Палестин (ФАТХ намын) НҮБ-д ажиглагчийн статустай болов. 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимийг "Израилийн нийслэл" гэж зарлан тийш нь элчин сайдын яамаа нүүлгэв.

2023 онд Хамасын дайчид Газрын зурвасаас гарч гэнэтийн халдлага үйлдэж Израилийн мянга гаруй иргэнийг хөнөөж 200 гаруйг нь олзолж авдаг. Израилийн хариуд нь Газын зурвасын хойд хэсгийг бөмбөгдөж цэргээ оруулдаг. Улмаар 65,000 палестин алагдаж Израилийн талаас 300 гаруй цэрэг амиа алдсан гэдэг, Хойд фронт буюу Ливаны хил орчмын цэргийн ажиллагаа зэргийг оролцуулбал амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх байх.

2024 онд Швед, Ирланд, Испани, Норвеги, Словени, Исланд, Малта улсууд Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

Сэтгэгдэл бичих