Хиймэл оюун ба хүн төрөлхтөн, мэдлэг ба ухааны ялгаа
Хүн мэдлэг муутай байж болно, харин ухаан муутай байж болохгүй.
Бидний сэтгэлгээ болон төсөөлөл дүрэм журамд баригддаггүй учраас ямар нэгэн шинэ санаануудыг бий болгохдоо хиймэл оюуныг давж гардаг. Үүнээс гадна, тэр шинэ санаанууд нь шийдвэр гаргалтад идэвхтэй нөлөөлөх ба гаргасан шийдвэрүүд нь амьдралд нь түүнтэй ямар нэгэн замаар холбогдох шинэ зүйлсийг татдаг. Өөрөөр хэлбэл нэгэн хэвийн, тогтсон хүрээн дотор сэтгэж байвал амьдрал мөн тийм нэгэн хэвийн үргэлжилнэ гэсэн үг. Хүний амьдрал тэгш хэмт бус динамик. Энэ утгаараа, хүний амьдрал эсвэл ерөөс хүн өөрөө гайхамшигтай бөгөөд амьтадаас ялгарах гол онцлог нь энэ гэхэд бараг болно.
Харин хиймэл оюун дүрэм журамд захирагддаг тул өөрт байгаа мэдээллээ ашиглан шинэ зүйл бүтээх гэж оролддог. Тэгэхдээ бас хүний оролцоотойгоор буюу гаднаас мэдээлэл авч тушаалын дагуу гүйцэтгэдэг. Гэсэн ч гаргах шийдвэрүүд нь хангалттай шинэлэг (оригинал) болж чаддаггүй учраас тухайн хиймэл оюуныг ашиглаж буй хүн сэтгэл дундуур үлддэг. Сэтгэл нь ханаж өгдөггүй шалтгаан нь хүн төрөхөөс шинэ зүйлийг эрэлхийлдэг араншинтай байдагтай холбоотой. Хүн үргэлж шинэ зүйлээр өөрийн мэдэлгүй ангаж цангаж явдаг гэсэн үг - тархиндаа шинэ зүйл нэвтрүүлэхгүй бол тархи нь өмхийрч муудах гээд байгаа мэт мэдрэмж төрдөг аж. Шинэ мэдлэг, шинэ туршлага, шинэ харилцаа, шинэ санаа, шинэ сэтгэгдэл - Аварга том нийгмийн сүлжээний (зөвхөн интернэт бус) зогсолтгүй мэдээлэл солилцох сувгуудын тэр урсгалд ороод явах нь хүн болгонд ямар нэг хэмжээгээр боломжуудыг бий болгох ба тухайн нийгмийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийж бүтээх нь амьдралын утга учир тэр болно.
Тэгэхээр хиймэл оюун шинэ зүйл биш харин автоматжуулалт. Шинэ зүйл сэтгэл хөдлөлөөс бий болдог. Тэр тусмаа сөрөг сэтгэл хөдлөл. Шинэ зүйл бий болох шалтгаан нь уур бухимдал, жигшил зэвүүцэл, стресс байдаг. Амар амгалан, тайвшрал, аз жаргал юу ч бүтээдэггүй - Зориуд шинэ сорилтуудыг бий болгохгүй бол хүний амьдрал утгагүй болж хувирдаг. Ингэхэд, уур бухимдал их сонирхолтой зүйл: Хүн шалтгаангүй бухимдахгүй, бухимдал бол сэтгэлгээнд үүсч буй "хувьсгал" буюу "задрал" - Ямар нэгэн өрнөл бий болохын цондон гэхэд болно. Гэтэл амьдрал бол өрнөл. Харин өрнөл нь зүгээр л аж төрөхийн нэр биш юм. Сорилтын тухайд бол зүгээр л уулын орой руу зорилгогүй чулуу зөөх шууд утгаараа биш, харин тэгснээр өөрийн шинэ хувилбарыг бий болгох (шинэ эд эсүүд, нейронуудыг төрүүлэх), хуучирсан сул дорой эд эсүүдээ устгах нь зорилго - Үүнийг өөрийгөө тарчлаан байж хэрэгжүүлдэг нь харин харамсалтай. Чулуу ч яахав байрнаасаа хөдлөнө, тэр гол нь биш. Үүнээс дүгнэхэд хиймэл оюун хэзээ ч хөгжихгүй. Сэтгэл хөдлөл байхгүй учраас зүдрэхгүй. Нэгэнт зүдрэхгүй учраас тэр хөгжихгүй. Хөгждөггүй учраас түүнтэй ярих сэдэв байхгүй, харин аливааг бүтээх багаж хэрэгсэл төдийхнөөр ашиглаж боломжтой.
Хиймэл оюун боловсронгүй тооны машин. Ингэж хэлэхээс өөр арга байхгүй - Суурь нь транзистор, ажиллагаа нь тоон систем, мэдээлэл авах эх сурвалж нь өгөгдөл. Соёлын талаар ойлголт байхгүй, маргавал өнөөгийн тогтолцооны зарчим дээр очоод зогсоно. Ийм "хөлдүү" учраас тэр зүгээр л мэдлэгийн бааз, мэдээлэл боловсруулах генератор.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.