"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Амжилтад саад болдог сэтгэл зүйн төлөвүүд

Нийтлэл

1. Хэнэггүй байх - Яасан ч яахав гэсэн байдал. Урсгалаар явна гэсэн үг. Гол, горхи уул өөд урсах боломжгүй. Хийж байгаа зүйлдээ хамаг хүч, боломжоо ашиглах ёстой. Хийвэл хийсэн шиг хийх, сэтгэл гаргах.

2. Шийдвэртэй биш байх - Бараг л тархины саажилт. Зүйрлэвэл: Нэг хүн хашаа өөд авирч гараад буухгүй байна гэнэ. Өөр нэг нь ирээд асуув: "Чи яагаад хашаан дээрээс буухгүй байгаа юм бэ?" гэхэд: "Би буруу талд буухаас айж байна" гэхэд өнөөх хүн: "Ямар ялгаатай гэж? Зүгээр буугаад зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг хурдхан мэдэж ав" гэж. Өөрөөр хэлбэл шийдэж чадахгүй бол аль нь ч ялгаагүй.

3. Эргэлзэх - Энэ бас амьдралын садаа. Өөртөө итгэлтэй байх нь аливаа үйлдлийн эхлэл юм. Өөртөө итгэхгүйгээр ямар нэгэн үйлдэл хийгдэхгүй. Амьдрал бол зогсолтгүй өрнөх хөдөлгөөн. Харин эргэлзээнд төгсгөл байдаггүй. Цаг хугацаа явсаар, нэгэн бодгаль эргэлзсээр.

4. Санаа зовох - Болоогүй зовлонг болсон мэт болгох. "Би олон зүйлд санаа зовсон ч ихэнх нь биелэгдээгүй" гэж Марк Твен хэлсэн. Санаа зовох нь амьдралын сайхан талыг далдалдаг.

5. Хэтэрхий болгоомжлох - Хашир, болгоомж мэдээж хэрэгтэй, гэхдээ хэтэрхий эмээж болгоомжлох нь утгагүй зүйл. Бүрэг ичимтгий зангийн үндсэн шалтгаан бол болгоомж. Гэтэл бүрэг ичимтгий зан үнэндээ ашиггүй. Үүнийг ядуу хүний зан төлөв гэж зарим нь тодорхойлдог. Эрсдлээс болгоомжлох нь зөв, гэхдээ амьдрал хэзээ ч найдвартай байгаагүй - Төрөх эрсдэлтэй, гэрлэх эрсдэлтэй, ажил хийх эрсдэлтэй, хөрөнгө оруулах эрсдэлтэй, бүх зүйл эрсдэлтэй. Амьдрал өөрөө эрсдэл. Хамгийн эрсдэлгүй орчин бол хангамж сайтай шоронд ганцаар хоригдох - ямар ч эрсдэлгүй.

6. Гутранги үзэл - Зөв бурууг ялгах биш харин аливаа зүйлээс бурууг нь хайж олох сэтгэл зүй. Цонхоор нар мандаж буйг харахыг оронд шилэн дээрх толбыг олж хардаг. Математикийн хувьд шилний толбо эхний харах ёстой зүйл мөн боловч амьдрал бол математик биш сэтгэл хөдлөл. Ухамсар бол үйлдвэр, ахуй бол түүний бүтээгдэхүүн.

7. Гомдоллох - Байж болох зүйл мэт боловч хүнийг эрч хүчгүй болгодог. Зорилго тавьсан хүнийг урагшлуулах бус хойш нь чангаадаг. Эргэн тойрны хүмүүсийн ч өөрийн ч бодол санааг чилээж туйлдуулдаг. Тархинд сөрөг сэтгэл хөдлөлийн гормонууд ялгарч тамир тэнхээ бардаг.

Эцэст нь, үг хүчтэй учраас сэтгэл зүйн манипуляцид орохгүй байх. Оюун санааныхаа үүдийг манах. Бас саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ажлаа сайжруулахаасаа өмнө өөрийгөө сайжруулах.

Ментор Жим Роны лекцээс хураангуйлав.

Сэтгэгдэл бичих