Биеэ даасан хүчирхэг эмэгтэй
Биеэ даана гэдэг нь бусдаас мөнгө санхүүгийн хувьд хараат бус болох тухай байх. Хүчирхэг гэдэг нь нийгэмд эзлэх байрь суурийг нь хэлж байгаа байх - эрх мэдэл, албан тушаал, карьер.
Бид хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ зорилго нь томоотой болгох гэж биш биеэ даасан хүчирхэг болгох зорилготой. Биеэ даасан хүчирхэг хүн нэгдүгээрт нийгэмшиж чадсан, хоёрдугаарт өөрийгөө хөгжүүлсэн байдаг. Эхнийх нь харилцаа, нөгөөх нь чадвар - энэ хоёр харилцан хамааралтай.
Эндээс, ерөөс хэн нэг нь юуны төлөө яах гэж дээш зүтгээд байдаг тухай сэдэв сөхөгдөнө. Их мөнгө, эрх мэдэл гоё байдаг юм байж. Тэгвэл яг юу нь гоё юм? Мөнгөөр яг юу авах вэ, эрх мэдлээр яг юу хийх вэ?
Хүн өөртөө гэхээсээ илүү бусдад хэрэгтэй байж үнэлэгддэг. Хүн нийгмийн амьтан, мэдээж өөртөө хэрэгтэй гэлээ гээд ганцаараа амьдардаггүй. Чи үнэ цэнэтэй байх ёстой, үнэлэгдэх ёстой. Дахиад л хүйс ярья. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн ижилхэн биш. Тэр хоёр нэг янзаар биш тэс өөрөөр үнэлэгддэг. Гэр бүлийн хүмүүжлийг нь орхиё, эмэгтэй хүний хүч чадал төрөлхийн - гоо үзэсгэлэн ( үүнийг яах ч арга байхгүй, угаасаа тийм). Харин эрэгтэй хүний хүч чадал - тэр өөрөө бий болгох ёстой (өмнө хэлж байсанчлан, нөхөх ёстой хоосон орон зай бүхий дутуу дулимаг төрдөг гэж). Юу гэхээр, эрэгтэй хүн биеэ даасан хүчирхэг болохоор хар багаасаа зүтгэж эхэлдэг болохоос эмэгтэй хүн тэгдэггүй. Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй, эх хүн ямар байх ёстойг ухамсарладаг байхад хангалттай, жаахан арчлаад чимэглээд өгөхөд хамаг эрчүүдийг нүдийг булаана. Харин эрэгтэй хүн тийм биш, тэр үнэлэгдэхийн тулд урт удаан зовлонтой замыг туулна.
Тийм болохоор физикч К.Иммануэлийн хэлсэнээр биеэ даасан хүчирхэг эмэгтэй сахалтай байж таарна. Явцын дунд эмэгтэйлэг шинж чанараа алсаар нэг л өглөө эрэгтэй болж сэрнэ. Мэдээж яг ч эрэгтэй биш, нэг тийм "завсрын амьтан" гарч ирэх байх. Харагдах байдлаараа эмэгтэй байж болно, харин дотор нь ямар нэгэн сувдаг сэтгэлтэй нэг эр хүн төрнө. Дарвины хувьслийн онолоор тэр хүүхэд төрүүлэхээ ч болино, эрчүүдийн сэтгэлийг татахаа болих тул авгай авч таарах биз. Дундад зууны үед тэднийг (эрчүүдтэй бизнес ярьж суудаг нөхөр хүүхэдгүй авгай нарыг) шулам гэдэг байв. Монголоор бол тал дээгүүр ганцаараа шилэрч яваа сэгсгэр хүүхэн эсвэл ганц бор гэрт амьдарч буй чавганц гэсэн үг. Тэднийг шулам гэхгүй өөр юу гэх юм.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.