Хүн угаасаа эрх чөлөөгүй амьтан
Хувь хүний эрх, эрх чөлөө гэж байдаггүй. Хэзээ ч байгаагүй, ирээдүйд ч бий болохгүй. Уул хаданд ганцаараа зэрлэг байдлаар амьдрах гээгүй бол эрх чөлөөний тухай мартах хэрэгтэй. Үнэндээ уул хаданд ганцаараа байлаа ч адил - энэ тухай доор ярина.
Хүн бол хамтралын бүтээгдэхүүн. Хүн үүссэн шалтгаан нь өөрөө хамтрал. Гэтэл хамтрал доторх хувь хүмүүс дураараа байх ямар ч боломжгүй. Бүгд нийтийн эрх ашгийн төлөөх дүрмийг дуртай дургүй мөрдөнө. Тэгж байж арай дээр амьдардаг. Гэр бүлд "миний эрх ашиг" гэдэг юм байхгүй, "гэр бүлийн эрх ашиг" гэж л бий. Улс орон бас адилхан, ардчилсан байлаа ч хэн ч хүссэнээрээ байхгүй. Ардчилал гэж олонхын засаглал гэсэн үг. Олонх нь олонхын төлөө байхаас өөр аргагүй, бие биенээсээ харилцан хамааралтайгаа бүгд мэдэх учраас.
Хувь хүний эрх, эрх чөлөөг байлгая гэсэн ч тэр нь яван явсаар нийтийн эрх болж хувирна, ямар ч арга байхгүй. Ганцаараа байхдаа ч хүн эрх чөлөөгүй - дургүй зүйлээ хийнэ, ядарсан ч ажил хийнэ, нойр хүрсэн ч орноосоо босно, зугаа цэнгэлийг хязгаарлана, бага иднэ, өөрийгөө ямар нэгэн хэрэгтэй зүйл хийхийг албадна. Философич С.Молор-Эрдэнийн хэлдэгээр "хүн болох" (өөрийгөө бүтээх) хамгийн хэцүү. Хэрхэн өөрийгөө бүтээх бэ? - Эхлээд нийгмдээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй, түүнийхээ чухал эд эс (бета) болох шаардлагатай. Тэгэхийн тулд бусдаас илүү ачаалал даах чадвартай, хувийн сахилга баттай, дэг журамтай, хэрэглэдэг биш бүтээдэг, үлгэр жишээ, бусдад хэрэгтэй хүн болох ёстой.
Эрхийг дагаж үүрэг хариуцлага ирнэ гэж хүмүүс ярьдаг. Тийм биш, зөвхөн үүрэг хариуцлага буюу нийтийн эрх ашиг гэж бий. "Нэгдүгээрт улсын эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт өөрийн эрх ашиг" гэж С.Зориг хэлсэн гэнэ лээ. Өөрөөр хэлбэл хоёрдугаар болон гуравдугаар нь байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл улсын эрх ашиг нь нөгөө хоёроо залгичихна. Намын болон хувийн эрх гэж байхгүй гэсэн санаа - байлаа ч тэр нь улс орны эрх ашгийн төлөө болж хувирна.
Америкийн эрх чөлөө (Liberty), мөрөөдөл бол "цэвэр" бизнесийн эрх чөлөө байв, шашин төрөөс (Лондонгоос) хараат бусаар (язгууртнуудын өмнө бөхийхгүй) ашиг хонжоо олох Томас Жефферсоны санаа ба тэрээр "бүх эрчүүд тэгш эрхтэй" гэсэн утгатай бүхий уриатай байв. "Эрчүүд" гэснийг нь "хүмүүс" гэж өнөөдөр орчуулаад байгаа. Анх тусгаар тогтнолоо зарлаж байхдаа харуудыг боолчилсон, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан хэвээр байлаа. Английн Жон Локк болохоор нэгдүгээрт хувь хүний эрх ашгийг тавьж "хүний төрмөл эрх чөлөө" гэж их ярьдаг байв. Түүнийг сөрж Томас Гоббс "хүн төрөлхийн хувиа хичээсэн, хэрцгий амьтан" гээд "төвлөрсөн хүчтэй захиргаадалт байхгүй бол эмх замбараагүй байдал бий болгоно" гэж байв. Жан Жак Руссо "хувь хүн нь нийгмээсээ тэтгэлэг авч оронд нь хувийн эрх ашгаа золиосолдог", Ницше "Хувь хүний эрх бол хуурмаг зүйл", "төрмөл эрх биш нийгэм ба соёл нь оюун санааны үнэт зүйлийг төлөвшүүлдэг" гэх мэт. Ер нь Жон Локк түүхэн маргаанд ингээд навс ялагдсан. Бүгд түүн рүү дайрч үзэл санааг нь гутааж байлаа.
Дашрамд: Үзэл бодлоо илэрхийлэх хэм хэмжээ бол тусдаа сэдэв. Дараа нь энэ талаар бас нуршимз.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.