Аз жаргал ба эрүүл мэндийн тухай алдартангуудын ишлэлүүд
"Адгуусан амьтанд биеийн жаргал чухал бол хүмүүст сэтгэлийн жаргал чухал. Бага зүйлээр ч болов сэтгэлээ хангаж чаддаг хүн бол аз жаргалтай."
Демокрит /Эртний Грекийн гүн ухаан судлаач, НТӨ 460-370/
"Аз жаргал бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Тиймээс бие махбодоо өвчлүүлэхгүйн тулд маш их хичээн амьдрах хэрэгтэй."
Сэмюэл Смайлс /Шотландын зохиогч, 1812-1904/
"Аз жаргалд хүрэх эхний шат эрүүл мэнд, дараагийнх нь ажил хөдөлмөр. "
"Аз жаргалтай амьдрах энгийн таван дүрэм:
- Зүрхээ үзэн ядалтаас чөлөөл
- Сэтгэлээ зовнилоос сулла
- Энгийнээр амьдар
- Илүүг өг
- Багыг хүлээ"
Хелен А.Келлер /Америкийн зохиолч, 1880-1968/
"Эрүүл мэнд гэдэг бол элбэг баян оюун билэг, цэцэн цэлмэг ой ухааны баяр баясгалан мөн. Эрүүл мэнд чиний гарт байна.
- Биднийг хүрээлэн байгаа байгаль, ус, агаар, нар, салхи, зуны халуун, өвлийн жихүүн, цэцэг навчит хээр тал, сэрүүн сайхан ой хөвч, энэ бүгд бол эрүүл мэндийн эх булаг билээ. Байгалийн дунд л ажиллаж амьдарцгаа!
- Нар гарахаас өмнө эртлэн босож бай. Зун цагт нар эрт гардаг ч гэлээ чи түүнээс урьтан босох ёстой. Тал хөндийгөөр явж, цэвэр агаараар амьсгалж, хүйтэн усаар гар нүүрээ угаа. Үүнийг ёстой л үлгэрт гардаг ид шидэт рашаан гэж бод.
- Урган цэцэглэгч мод, цэцэгсийн анхилам үнэрээр бялхсан цэнгэг агаар бол эмчлэн эдгэрүүлэх эм билээ. Зуны турш цэнгэг агаараар амьсгалсан хэн боловч уушгины өвчнөөр өвчлөхгүй.
- Нойрноос сэрмэгц босож, өглөөний гимнастик хийхийг мөрдлөг болгож дага.
- Өглөө бүр хүйтэн усаар биеэ арчиж бай. Цөөрмийн усанд намар орой болтол орцгоо. Өвлийн цагт өвдгөө хүртэл цасаар халуу оргитол үр. Цасан дээгүүр хөл нүцгэн хэдэн минут явахаасаа ч бүү ай. Энэ нь биеийг чийрэгжүүлэгч сайн зүйл билээ.
- Биеийн хөдөлмөр хийхгүй ганц өдөр ч бүү өнж. Хөдөлмөр бол бие сэтгэлийг хатуужуулдаг. Байнгын өдөр тутмын хөдөлмөрт л хүний урт удаан нас оршдог.
- Нялх багаасаа эхлэн настан буурал болтлоо хөдөлмөрлөсөн хүн бие бялдар, сэтгэл санаа, оюун ухааны хувьд залуу хэвээр үлддэг.
- Өдөрт бага насныхан дор хаяж 3-10 км хүртэл явган явж бай. Нуга тал, ой хөвчөөр зугаалдаг хэвшил тогтоо. Хэрвээ сургууль хүртэл чинь 2-3 км зайтай байгаад зам нь ойгоор дайрч явдаг бол ёстой чиний аз.
- Тэсвэр хатуужил, өөрөө өөртөө итгэх итгэл, даруу төлөв байдал чамд хууль болог.
- Хүүхэд ахуйдаа чихэрлэг зүйлийг бага идэж бай. Хоолны ширээний араас арай цадалгүй босож байх нь зохимжтой."
В.А.Сухомлинский /Сурган хүмүүжүүлэгч/
"Аливаа зүйлийг хэтрүүлж хэрэггүй:
- Ууж битгий хэтрүүл
- Унтаж битгий хэтрүүл
- Уурлаж битгий хэтрүүл
- Энэ жишгээр л амьдарвал залуугаараа байгаад байна."
Г.Хайдав /Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин/
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.