"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2023-12-25T18:28:48+08:00

    Боолын нийгмийн үед боолууд өөрсдийгөө боол байх ёстой, эсвэл бүр угаасаа боол болоод төрчихсөн гээд үнэмшчихсэн байдаг байв. Яаж ч ухааруулах гээд нэмэргүй, тэр хачин бодлоосоо хэзээ ч салахгүй болтолоо тархи нь гүн гүнзгий угаагдчихсан байлаа. Феодалын нийгмийн үед ч мөн адилхан, газрын эзэд тариачдын хөдөлмөрийг мөлжин улам баяжих бөгөөд хэрэв ажлаа орхин хэрцгий эзнээсээ зугатвал гэмт хэрэгтэн болон хувирч орон даяар эрэн сурвалжлагддаг байв. Тэдгээр доод гаралтай хүмүүс боловсрол эзэмших эрхгүй байсан нь мөлжигч баячууд болон сүм хийдийн лам, цэргийн эрх мэдэлтэн, язгууртнууд байр сууриа алдахаас айсан айдсаас үүдэлтэй юм. Хэрэв боолууд нь боловсролтой болчихвол ухаан орчихно, ухаан орчихвол өөрсдийнх нь эсрэг босно. Тэд өөрсдөөс нь олон учраас алх, хадуураа бариад босоход бүх зүйл дуусна. Сүүлийн 200 жилд болсон харц ардуудын бослогуудыг өдөөсөн зүйл нь яах аргагүй философи байсан ба тэр дундаа улс төр, нийгмийн материалист болон идеалист философи байсан юм. Философи тухайн үед хориотой байсан ч зогсоож дийлээгүй. Өөрөөр хэлбэл философи бол нийгмийн ухамсар. Мэдээж философи нь зөвхөн улс төрөөр хязгаарлагдахгүй, гэхдээ ерөнхийдөө нийгмийн тогтолцоо, хүн хоорондын харилцаа, амьдрах ухаан руу чиглэсэн байдаг.

    Хүний эрх, ардчилал анх эртний Грекийн философи байсан. Ердөө л хэн нэгний "санаа" байв. Тэр нь одоо нийгмийн тогтолцоо болоод хувирчихсан байна. Аристотель хэлэхдээ, "Аливаа улс нь иргэдээс бүрдэнэ. Энэ нь тухайн улсын төр засаг нь иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэсэн үг юм. Тэгэхийн тулд төр засгийг иргэдээс бүрдүүлэх нь зүйлд нийцнэ" гэжээ. Мөн Дэвид Хьюм: "Хүн болгон хууль, шүүхийн өмнө адилхан", Карл Маркс "Анги давхарга гэж байх ёсгүй. Ажилчин анги эдийн засгийн хөдөлгөгч хүч гэдэг утгаараа төрийн эрх мэдлийг авах ёстой" гэх мэт. Гэхдээ мэдээж тэс өөр үзэл бодолтой философичид бас бий. Тэд жишээ нь, "Бурхан ба түүний элч, төлөөлөгч, дагагчдыг ижилхэн түвшинд тавих боломжгүй. Хэрэв ижилхэн түвшинд аваачих л юм бол тэр цагаас ач холбогдол нь байхгүй болно" гэх. Дорнодын философийн хувьд арай өөр. Күнз хувьсгал хийхийг уриалдаггүй, гэхдээ "Хаад, ноёд иргэдийнхээ амар амгаланг зорилгоо болгох ёстой бөгөөд эс бөгөөс олон нийтийн дэмжлэгийг алдана, эцэст нь хүч чадлаа гээнэ." гэсэн байх ба мөн "Ард түмэн амар амгаланг хувийн таашаал, зугаа цэнгэл болгон хувиргаж болохгүй" гэсэн нь бас л нэг төрлийн нийгмийн ухамсар юм.

    Философи бол шинжлэх ухаан биш. 2+2=4 шиг ойлгомжтой "яг таг" зүйл биш. Гэсэн хэдий ч иргэдийг амьдарч буй орчин нөхцлөө ойлгож ухамсарлах, шийдвэр гаргах, аливааг олон талаас нь харах боломжийг олгодог байна. Гэхдээ үндэстэн болгон өөрийн гэсэн философитой байх ёстой. Гадны философийг судалж болно, харин өөрийн гэсэн философигүй байж болохгүй. Учир нь энэ тэндээс цуглуулсан эрээвэр хураавар мэдлэг утга учраа алдана. Японы Шинто, Хятадын Күнз, Энэтхэгийн Будда, Грекийн философи аль нь ч хэрэг болохгүй. Бид өөрсдийн философийг түүхээсээ хайж олох хэрэгтэй.

Хариулт үлдээх