"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-10-19T17:02:53+08:00

    Нийгэмд хоёр төлийн хүмүүс бий: Нийгэмшсэн, нийгэмшээгүй.

    Нийгэмшсэн хүмүүс хуульд захирагддаггүй, тэд ёс суртахуунд захирагддаг. Нийгэмшээгүй хүмүүс хуульд захирагддаг, гэхдээ ёс суртахуунд захирагддаггүй. Шалтгаан нь: Нийгэмшсэн хүмүүсийг хууль дүрэм биелүүлэхээр албадах шаардлагагүй. Тэд тэртэй тэргүй нийгмийн стандартыг биелүүлнэ. Харин нийгэмшээгүй хүмүүсийг хуулиар далайлгасан нөхцөлд л нийгмийн стандарт, шаардлагыг биелүүлнэ. Юу гэсэн үг гэхээр, нийгэмшсэн хүмүүс нийгмээ чирч явдаг бол нийгэмшээгүй хүмүүс нийгэмдээ чирэгдэж явдаг.

    Нийгэмшинэ гэдэг нийгмийн тухай мэдлэгтэй болно гэсэн үг. Нийгэм гэж юу, яагаад нийгэм бий болсон, зорилго нь юу, нийгмээ сайжруулахын тулд яах ёстой, өөрийн зүгээс юу хийх зэрэг асуултуудад хариулж чаддаг болох. Харин нийгэмшээгүй хүмүүс зөвхөн хувиа хичээх бөгөөд нийгмээсээ ашиг хонжоо хувьдаа олж авахыг бодох бөгөөд ашиг хонжоо олж авсныхаа дараа тэр бүгдийг зөвхөн өөрийн хүчээр олж авсан мэт сэтгэнэ. Гэтэл үнэндээ нийгэм нь түүнийг хүслийг биелүүлсэн бөгөөд биелүүлж ч байдаг. Нийгэмшсэн хүмүүс эсрэгээрээ, нийгмээсээ ашиг хүртсэн бол илүүдэл ашгаа буцааж өгөх буюу татвараар дамжуулах эсвэл шууд буяны байгууллагуудад хандивладаг.

    Нийгэмшсэн хүмүүс бусдын хүүхдүүдийг өөрийн хүүхдүүд мэт хайрлана, настай хүмүүсийг өөрийн ээж аав мэт хүндэлнэ. Нийгэм гэж нийлж амьдарна гэсэн санаа. Бид бараг л нэг дээвэр дор, нэг тогооноос хооллодог. Нэг нь ханиад хүрэхэд бусад нь бас ханиад хүрдэг, нэг нь хордоход бусад нь бас хорддог. Тийм учраас танихгүй ч гэсэн бие биедээ боломжоороо тусалж байх ёстой юм. Бидний амьдрал бие биенээсээ хамааралтай. "Надад хамаагүй!" гэвэл тэр хүн нийгэмшээгүйн шинж.

Хариулт үлдээх