"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Монголын либерал ардчилал мухардалд орсон уу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-11T17:49:06+08:00

    Байгалийн асар их баялагтай хөгжиж буй эсвэл ядуу буурай орнууд олборлолт болон хөрөнгө оруулалтын асуудалтай тулгардаг байна. Бүдүүлгээр хэлбэл тэрийгээ яаж ухаж гаргах, яаж зөөх, хэнд, хаана зарахаа ч мэддэггүй аж. Ингээд тэд гаднаас ялангуяа барууны өндөр хөгжилтэй, техник, технологи өндөр хөгжсөн орнуудаас тусламж хүсдэг. Олон улсын бизнесийн гэрээ байгуулна. Маргаан үүсвэл Лондонгийн арбитрийн шүүхээр шийдэгдэнэ. Тэгээд асар их судалгаа, шинжилгээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэж, дотоодын олон компаниуд, ажлын байр нэмэгдэж тэр хэмжээгээр тухайн улсын эдийн засаг тэлж иргэдийнх нь амьжиргаа дээшилж олборлолт эрчимтэй явагдаж эхэлдэг. Гэвч хөрөнгө оруулагч компани, Засгийн газар хооронд маргаан үүснэ. Барууны хөрөнгө оруулагч компаниуд хэтэрхий их ашиг олж байна гэсэн улстөрийн акц улс оронд нь явагдаж эхэлнэ. Ингээд сонгуулиар популист нам нь ялаад гараад ирдэг. Засгийн эрхийг авсан тухайн нам хөрөнгө оруулагч барууны компаниудыг хөөж гаргаад эхнээс нь нийгэмчилж эхэлдэг байна. Төрийн өмчит болгоод өнөөх суурин дээр нь үйл ажиллагаа явуулах гэж оролдоод борлуулж чаддаггүй. Учир нь худалдаж авдаг байсан компаниуд нь хөрөнгө оруулагч болон олборлогч компаниудтай нягт хамтран ажилладаг мөн л барууны компаниуд байдаг аж. Дээр нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас асар их зээл авчихсан байдаг учраас гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тухайн улс шүүхэд дуудагдаж эдийн засгийн хоригт ордог байна. Ингээд алтан загасны үлгэр дээр гардаг эмгэн шиг болдог ажээ. Үүний тод жишээ бол 70-аад онд эхэлсэн Иран, Венесуэлийн нийгэмчлэл. Бусад орнуудад ч тодорхой хэмжээний нийгмчлэл явагдсан жишээ нь Орос, Нигери, Арабын орнууд, Бразиль, Мексик, бүр Норвегид. Энэ мэдээж нефтьтэй холбоотой асуудал. Гэхдээ л манайд болж байгаа үйл явдалтай төстэй.

    Либерал үзэл баримтлалтай гэх намууд засгийн эрхийг тогтвортой барьж байгаа улс орнууд улам бүр цөөрч байгаа ба одоогийн байдлаар цөөн хэдэн улсад засгийн эрхийг барьж байна. Ялангуяа байгалийн хараал нэрвэгдсэн улс орнуудад зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намууд нь ард иргэдийнхээ дунд дэмжлэг авдаг болсон. Монголд бас тийм зүйл болж байгаа учраас манай либерал ардчилсан үзэлтнүүд улстөрийн үйл ажиллагаа, тактикаа өөрчлөх цаг болжээ. Ер нь ямар ч улсын ард иргэдийн үзэл санаа зүүн рүү хэлбийсэн байдалтай. Англи, Америк, Японд ч тийм. Дэлхийн 2-р дайны өмнө, хойно ч тийм байсан, одоо ч тийм.  Черчилль ямар сайндаа "Манай улсын иргэдийн 49 хувь нь ардчилалыг хараан зүхдэг" гэж байхав дээ. Английн нэг сэтгүүлч хэлэхдээ "иргэдийн 40 гаран хувь нь коммунист" гэж байлаа. Тэгээд яагаад айхтар популист нам гараад бужигнуулчихдаггүй юм гэж үү? Яагаад гэвэл төрийн институциуд нь тийм боломж олгодоггүй юм. Өндөр хөгжилтэй орнууд өдийг хүртэл өдий зэрэгтэй байгаагийн шалтгаан энэ. Нийгмийг дагуулагч хүч гэж байдаг. Элит давхарга гэх юмуу? Тэд олон арван эсвэл бүр олон зуун жилийн турш хөгжүүлж бүтээсэн тэр машинаа эвдэхийг хүсдэггүй. Эвдрэх ч үгүй. Тэрхүү хүчирхэг, аварга машины тэнхлэг, араа, оньс нь нийгмийн бүхий л салбаруудын эд эс бүрт найдвартай шигдчихсэн, хөдөлгөгч хүч нь болчихсон, салгаж хаях боломжгүй, шашин, уламжлал мэт тогтсон байдаг. Нийгмийн санаа бодол тогтворгүй, тайван бус, ийш тийш савласан байдаг бол тэр машины зан төлөв өөрчлөгддөггүй. Нийгмээ чирээд урагшилдаг байна. Харин манай улсад тийм төлөвшил алга. Төлөвшсөн зүйл хаана байна гэвэл нэг нам байж байх шив дээ. МАН. Төгс биш ч интитуцийн хувьд нам гэдэг утгаараа дутагдал ихтэй ч бусад намуудын дэргэд тусгаар тогтносон улс мэт болсон байна. МАН жирийн гишүүдээ сонсдоггүй, намын жирийн гишүүд юу хүсэж санах нь хамаагүй, МАН-ын гишүүн болно гэдэг нь зүгээр намын удирдах түвшин рүү мацах эхний шат, гишгүүр төдий зүйл. Бүх зүйл намын удирдах түвшинд болоод өнгөрдөг. Ямар ч либералчлал байхгүй. Улстөрийн бүх маргаан хэлэлцүүлэг эндээс л эхлэх ёстой юм уг нь.

    Тэгэхээр либерал байхын тулд либерализмаа хамгаалах ёстой. Либерализмаа хамгаалахын тулд либерализмаасаа бага зэрэг зарим түвшинд татгалзах хэрэгтэй болдог гэсэн үг. Намын лидерүүд олон нийтийн мэдэгдэл хийхдээ үгээ маш сайн төлөвлөж бэлтгэх ёстой байдаг. Үг болгон нь олон нийтээс оноо авчирна эсвэл алдана. Тийм болохоор бүр хэлэх үгийг нь намын мэргэжилтнүүд, стратегичид нь бэлдэж өгдөг туршлага байна. Энэ нь нам бол нэг хүний удирдлагад байдаггүйг нотолно. Тэр байтугай төрийн эрх ээлжлэн баригч хоёр нам ямар нэг сэжмээр хоорондоо холбоотой ажилладаг. Манан гэж нэрлэж болно, гэхдээ эерэг утгаараа. Нам болгон дотроо бүлэгтэй. Тэдгээр фракцууд нөгөө намын сөрөг хүчинтэй хамтарч ажиллаж мэдээлэл солилцож болно. Энэ тийм сүйдтэй зүйл биш. Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь ерөнхий сайдтай уулзахаас огт өөр зүйл. Энэ нь системийг эвдэхгүй. Намын удирдлагад хэн ч гарч ирж болно. Гэхдээ удирдлагыг аваад намынхаа бодлогод захирагдаад явахаас өөр замгүй тийм зохион байгуулалттай, хамгаалалттай байх ёстой. Манай улсын Үндсэн хууль өөрийгөө хамгаалсан хамгаалалттай (Цэц, Ерөнхийлөгч, Шүүх) байдаг шиг. Дураараа аашлах боломжгүй гэсэн үг. Ингэснээр улс орныг нэг намын хэт ноёрхлоос сэргийлдэг юм. Хоёр улстөрийн институци хоорондоо хонь чоно мэт байх нь маш сөрөг нөлөөтэй гэсэн үг. Нэг л үндэстэн, нэг л эх оронтой хэрнээ ЗХУ, фашист Герман хоёр тулалдаж байгаа мэт байж болохгүй биз дээ?! Дээр нь либерал ардчилсан лидерүүд МАН-ыг муулахаас илүүтэй сайн илтгэгч байх хэрэгтэй байна. Ц.Элбэгдоржийг дууриах ёстой гэж байгаа юм биш өөрийн имижийг бүрдүүлж бусдыг өөртөө татах болон итгэл үнэмшил төрүүлэх "харизматай" байх хэрэгтэй. Өөрийн үзэл санааг бусдын үзэл санаа болгон хувиргах чадвартай байх ёстой. Үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг болохоос өөрөө ургадаггүй. Сэтгэл хөдөлгөх ёстой гэдгийг надаар хэлүүлээд яахав. Улстөрч хүн цаг үеийг дагадаг биш цаг үеийг дагуулдаг гэж би ойлгодог. МАН-ынхан үүнийг сайн хийж байгаа. Ц.Нямдорж үүнийг маш сайн хэрэгжүүлдэг байсан боловч жүжиглэлт, худлаа ярих хоёр нь хэтэрсэн.

Хариулт үлдээх