"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хойд нас гэж байдаг уу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2023-11-06T18:53:50+08:00

    Байж болно. Шинжлэх ухаан, метафизик, философи талаас нь тайлбарлая. Насанд хүрсэн хүний организм барагцаагаар 30 их наяд эсээс бүрддэг. Тэд бүх амьдралын туршид олон удаа үхэж бас шинээр төрдөг. Тэгэх явцдаа хүний генетикт мөн зарим өөрчлөлтүүд явагддаг. ДНХ-ын зарим холбоосууд тасарч, буцаад арай өөр эрэмбээр нөхөгддөг. Гэхдээ үндсэн бүтэц нь өөрчлөгдөхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр хүн насан туршдаа ямар нэг хэмжээгээр үхэж бас дахин төрдөг. Тийм үйл явц, өөрчлөлт явагдахгүйгээр амьдрал өөрөө үргэлжлэхгүй. Жишээ нь, хүний хүүхэд нас, залуу нас, идэр нас, ахмад нас бүгд тус бүртээ өөр хувь хүмүүс юм. Багын найзтайгаа 30 жилийн дараа уулзахад бид төсөөлж байсан хүүхэд насны найзтайгаа уулздаггүй, харин тэс өөр хүнтэй уулздаг. Яахав, ой санамж бол нь бий. Тэгвэл тэр хүүхэд бие махбодийн хувьд хаачив? Бид амьдралыг байгаагаар нь хүлээж аваад давчихсан болохоос үнэндээ тэр хүүхэд нэгэнт байхгүй болсон байдаг. Өсөж том болсон, хөгширсөн гэдэг ч үнэндээ тэр хүүхэд өнгөрсөн цагтаа үлдсэн. Өөрөөр хэлбэл "үхсэн" гэсэн үг. Гэхдээ 40 настай найз маань хамт тоглож асан тэр хүүхэд мөн үү? Мөн. Гэхдээ л биш.

    Та дэлхийг тойрч аяллаа гэж төсөөлье. Гэрээсээ гараад баруун зүг рүү яваад зүүн зүгээс гэртээ буцаж ирнэ. Тэр гэр таны орхин явсан тэр гэр мөн үү? Биш. Тэр бол өөр гэр. Яагаад гэвэл та гэр рүүгээ буцаж ирээгүй. Буцаж ирэхийн тулд баруун зүгээс буцаж ирэх ёстой юм. Гэтэл та нөгөө талаас ирсэн. Та өөрөө ч та биш гэсэн үг. Тэгвэл гэрээсээ гараад баруун зүг рүү явсан та хаачив? Тэр эргэж ирэхгүйгээр явсан. Дэлхий бөөрөнхий учраас гэж хүмүүс тайлбарлах байх, гэхдээ дэлхий бөөрөнхий биш, хавтгай ч биш. Зүгээр хорвоогийн бүх зүйл эргэлддэг бөгөөд тэдгээр бүтэн нэг тойроход юмс хэзээ ч өмнөх шинж байдлаа хадгалдаггүй гэсэн санааг хэлээд байна. Шулуун зам гэж байхгүй, хэрэв байгаа бол тэр нь тойрог замын нэгэн жижиг тасархай гэсэн үг. Шулуун харагдаж буй ч үнэндээ тэр шулуун биш аж. Зогсолтгүй, шантралгүй, тууштай явбал эрт орой цагт эхэлсэн цэгтэйгээ уулзана (замдаа үхэж эндэх нь хамаагүй). Замдаа үхэж эндсэн бол үхэж эндсэн нь та бүхэлдээ биш ердөө таны бие бахбод юм. Хүнд хэцүү аялал хийдэг уулчдаар жишээ авбал Эверест гараад эсэн мэнд ирэхэд нь бид баярладаг. Гэвч үнэндээ тэр хүн замдаа олон удаа үхэж эндсээр санасандаа хүрээд эргэж ирж байгаа нь тэр юм. Үхэл бол эзэндээ хийсвэр зүйл. Харин хөндлөнгийн хүмүүст бодит мэт санагдана (цогцсыг нь хараад тэгж бодно).

    Ой санамж бол хачирхалтай зүйл. Ой санамжаа алдана гэдэг үхэхтэй адил. Эсвэл үхлийн нэгэн төрөл. Мартана гэдэг сүнс зайлахтай ялгаагүй үйл явц. Дурсамж нь алга болчихож байна. Гэхдээ дурсамж ор мөргүй алга болох ёсгүй, тэр хаашаа ч юм явчихсан хэрэг. Хэрэв багын найз тань таныг санахгүй байгаа бол тэр таны багын найз нэгэнт биш гэсэн үг. Бие махбод нь мөн л дөө, гэхдээ оюун санааны хувьд биш. Таныг санахгүй бол та түүнтэй уулзаад юу ярих юм? Царайг нь ширтээд суух уу? Утгагүй биз? Үхсэнд тооцох нь зүйд нийцнэ. Хүн зөвхөн бие цогцсоороо үхдэггүйн жишээ. Тиймээс үхлээс айх хэрэггүй. Үхэл таныг яах ч үгүй. Харин амьдралаас айх нь илүү утга учиртай. Үхлээс айж амьдарвал амьдралаа төвөгтэй болгоно. Тэгэхээр толгой дээгүүр, мөр тэнэгэр, зорилготой, тэмцэлтэй амьдрах хэрэгтэй болж байна.

    Шашны ойлголт бас үнэний ортой. Шашин бол хүний амьдралд маш хүчтэй нөлөөтэй. Тухайн шашныг хэрхэн хүлээж авах, түүнд хэр зэрэг итгэл үнэмшилтэй байх, сэтгэл зүрхээ өгч чадах эсэхээс хамаардаг. Яагаад гэвэл шашин үнэхээр хүний амьдралын нэг хэсэг болж амьдралыг нь залж чиглүүлдэг. Харин сүсэг бишрэлгүй бол сэтгэлээ өөр нэгэн зүйлээр (урлаг, мэдлэг боловсрол, соёл, үзэл баримтлалаар) дүүргэхгүй бол амьдралын зам нэг тийм... энхэл донхол, савлаж ганхсан байдалтай (бүтэлгүй явдал ихтэй юмуу) болно. Хэрэв таны шүтдэг шашин хойд насны тухай сургадаг бол тэр нь хоёргүй утгаар эргэлзээгүйгээр тийм л гэсэн үг. Итгэж бишрэх нь амьдралын нэгэн салшгүй чухал ач холбогдолтой зүйл  бөгөөд тэр гарт баригдаж нүдэнд харагдах бодит зүйл байх ба огтхон ч зэрэглээ мэт хий хоосон зүйл биш юм.

Хариулт үлдээх