"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Болд

Шоронд орох ямар байдаг вэ? Ямар мэдрэмж төрдөг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-08T13:18:32+08:00

    Нэгэн төрлийн параллель ертөнц шиг юм. Нар, нарс хоёр зэрэгцээ оршино. Гэхдээ зам зөрөхгүй, огцлолцохгүй, нийлэхгүй. Цаг хугацаа өнгөрнө нар, нарс хоёр бие биедаа саад болохгүй зэрэгцээд явна. Хоригдож буй хүмүүсийн хувьд цаг хугацаа зогсчихсон, харин эрх чөлөөтэй яваа хүмүүсийн цаг хугацаа саадгүй өнгөрч буй мэт. Чи үхээд нөгөө ертөнцөд гацчихсан. Тэндээс наранд амьдарч хүмүүсийг хөндлөнгөөс ажиглаад л, харж атаархаад л. Бодит бус санагдаж энэ хар дарсан зүүднээсээ сэрэх ёстой шиг санагдана. Эрх чөлөөтэй амьдарч буй хүмүүс зарим нэг зовлон тоочихыг хараад инээд чинь хүрнэ. Жаргал даахгүй байгаа нь илт. Тийм их эрх чөлөө, боломж байхад юунд цаг хугацааг дэмий үрж бухимдаж яваа юм бол доо гэж гайхна. Эндээс гардаг л юм бол цаг, минут бүрийг үр дүнтэй өнгөрөөж идэвхтэй амьдарна даа гэж бодно. Гэвч одоо цагийг харах юм бол чи энд байсаар л байна, хоригдол хэвээр. Хоригдлууд нийлж суугаад наранд болж өнгөрсөн явдлуудаа дурсан ярьцгаана (өөр юуны тухай ч ярихав). Зарим нь шүлэг бичнэ. Гэр бүлийнхээ аль нэг гишүүн рүү захиа бичнэ. Тэр нь жигтэйхэн гунигтай. Зарим нь бичиг үсэг тайлагдаагүй. Эсвэл хоёр үгний нэг нь алдаатай. Утга нь ерөнхийдөө "Миний охин аав нь удахгүй гараад очно оо..." гэх маягийн.

    Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 461-р хорих анги руу ачигдахаар болов. Ачлагын машин орой ирнэ гэнэ. Хэлтэс дээр ачлагын машин ирэхийг хүлээгээд хоол, ундгүй өдөржин хүлээнэ. Надтай цуг хэдэн залуучууд (дөнгөж 19-тэй) хамт ачигдах юм байх. Байцаагч нь загнаж зандраад л. Ар гэрээсээ хүн дууд гэв. Тэд ч ирлээ, машин ч ирлээ. Ингээд 461-р хорих анги руу хөдлөхөд залуучуудын нэгнийх нь эгч бололтой машин дагаж уйлж гүйгээд (миний сууж байсан талын цонхны харалдаа). Би тэр залуу руу харлаа. Бас л уйлж байна.

    461-р ангид буулаа. Үүдний харуул гэж шар залуу орилж хашгирч байгаад хэдэн асуулт асуув. Дараа нь дотогшоо оруулаад оройн 10 цаг орчим хүртэл баахан явган суулгав. Нөгөө гурван залууг гарыг нь дагзанд нь авахуулаад хана руу харуулаад суулгачихсан байна. Бидний бүх хувцсыг тайлаад нэгжлэг хийнэ. Дэслэгч цолтой нэг бондгор залуу миний өмдний бүсийг сугалж гаргаад миний өгзөгийг хоёр ороолгов. Цуурайтаад айхтар чанга дуугарч байсан ч яагаад ч юм өвдөөгүй юм. Гараа дагзандаа авчихсан залуусын нэг нь миний царай руу харах гэж оролдож байна. Бодвол хэр тарчилж байгаа бол гэж сонирхож байгаа бололтой. Гэвч миний царайнд юу ч байгаагүй юм. Зүгээр л ядарч, залхаж байлаа. Хурдхан хуваарилагдаад унтах тухай бодов. Хуваарилагдаад хэд хоноод бачуурч эхлэв. Жижиг өрөөнд удаан байхаар хүн давчдаад байж суух газраа олж ядна. Бид ээлжлээд 3 метр зайтай жижиг талбайд нэг хананаас нөгөө хана хүртэл наац цааш алхаж хөлнийхөө чилээг гаргана. Агаар дутагдаад байх шиг болоод төмөр сараалжин хаалганы буланд наалдаж суугаад хонгилыг мэдэрч суух нь арай дээр ч юм шиг. Энэ хорих анги давхар орнуудтай, урт хонгилтой, олон аркуудтай (арк гэж өрөө л дөө, бид тэгж нэрлэдэг юм) болохоор тэр чигээрээ нэг тийм том галт тэрэг (вагон) шиг санагдаад болохгүй байлаа. Тэгээд зогсолтгүй давхиад байх шиг. Хааяа эргэлт ирлээ гээд нэг хоригдлыг авч гараад буцаагаад аваад ирнэ. Тэр тоолонд галт тэрэг нэг зогсоолд зогсоод тэнд юм буулгаж ачаад буцаад хөдлөөд яваад байх шиг сонин мэдрэмж тэндээс гаран гартал төрж байв. Тэндээс гарах болоход миний буух ёстой буудал ирчихсэн юм байна гэж хүлээж авсан. Харин галт тэргэнд анх суусан тэр газар руугаа хэзээ ч буцаж очиж чадахгүй гэдгийг сайн ойлгож байсан шүү.

Хариулт үлдээх