"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

  1. Улс төрийн үзэл баримтлалуудыг ерөнхийд нь хэт зүүний, зүүний, зүүн төвийн, төвийн, баруун төвийн, барууны, хэт барууны гэж хуваан авч үздэг. Зүүн тийш хэлбийх тусам анги давхаргагүй, яс үндэсгүй, ёс заншилгүй (интернационал), зөвхөн урагш харсан (өвөг дээдэс, түүхээ үгүйсгэсэн гэмээр), шинэчлэл, хүйсийн тэгш байдлыг эрхэмлэсэн болох ба баруун тийш хэлбийх тусам үндсэрхэг, хуучинсаг, уламжлалыг сахисан, өнгөрсөн рүүгээ харсан (100 гаран жилийн өмнөх рүүгээ - ялангуяа Октябрийн хувсгалаас өмнөх хамжлагат, эзэн хаант, хатуу дэг жаягтай байсан үеэ сэргээх янзтай) болдог байна. Мөн хоёр тийш хэлбийх тусам авторитар дэглэм (коллективизм буюу хамтрал дээр үндэслэн тогтоосон системээ хувь хүний эрхийг боомилон хэрэгжүүлдэг тогтолцоо) рүү ойртдог бол төв рүүгээ дөхөх тусам эсрэгээрээ анархизм эсвэл төлөөллийн ардчилалтай (дарга гэж байхгүй - бүх нийтээрээ хэлэлцэн бодлого тодорхойлдог зарчим) болно.

    Хэрэв социал-демократист үзэл баримтлал хаана нь байхыг сонирхож байгаа бол социализм, либерализм хоёрын дунд (парламентийн танхимд спикерийн зүүн гарын тал тушаа) сууна. МАН гэсэн үг. Харин баруун төвийн үзэлтэй гэх АН, ХҮН хоёр консерватив болж таарч байна. Намууд дотроо мөн баруун зүүний фракцтай байдаг. Баруун Европт Марксистууд ялан төрийн эрхийг авч чадаагүй шалтгаан бол коммунист намууд нь дотроо фракцийн тэмцэлтэй байсантай холбоотой. Маш аж үйлдвэржсэн байсан тул массын (ажилчин ангийн) дэмжлэгийг авч чадалгүй задарч социал-демократ буюу илүү баруун болж хэт зүүнээс арай аядуу бодлоготой буюу зүүн төвийн үзэл баримтлалтай болж шинэчлэгдсэн байдаг.

    Америкийн Ардчилсан намын тухайд тэд либерал прогрессив, Бүгд найрамдах нам нь сонгодог (уламжлалт) консерватив. Гэхдээ намуудын үзэл баримтлалууд цагийн аясаар хоёр тийш бага зэрэг хэлбэлзэж байдаг аж. Америкийн Бүгд найрамдах нам 80-аад онд (Роналд Рейганы үе) илүү төвийг сахиж байсан бол өнөөдөр (Доналд Трампын үе) илүү уламжлалт болсон байна.

    Харин манай хоёр улс төрийн голлох хүчин болох МАН, АН хоёр маань үнэт зүйл, үзэл баримтлалынхаа талаар удирдлагын түвшинд тогтсон зөв ойлголттой байдаг бол тэрийгээ гишүүд дэмжигчиддээ сайтар сурталчлан таниулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй болохоор хүмүүс "баруун үзэл баримтлал" гэдгийг барууны улс орнуудын нийгмийн тогтолцоог хуулбарлах, "зүүний үзэл баримтлал" гэдгийг Орос, Хятад маягийн төрийн системийг авах юм байна гэж ойлгоод байгаа. Үнэндээ аль нь ч биш. Манайхаар бол "зүүний" гэдэг нь Чингис хааны алтан ураг, Манжийн ноёд, харц ардуудыг зэрэг зиндаагүй болгож нэг түвшинд аваачихыг хэлж байгаа юм. Харин "барууны" талынхан анги давхаргыг устгах боломжгүй гэж мэтгэх болно.

    Социализмийн үед дарга, сэхээтэн, ажилчин, малчин гэсэн анги давхаргатай болсон байсан бол орчин цагийн өнөөгийн капиталист нийгэмд хөрөнгөтөн, дундаж, ядуус гэж хуваагдах болсон. Үүнийг шууд тэгшлэх гэвэл буцаад бид социализм руу орох хэрэгтэй болно. Тиймээс түүхээсээ сургамж аваад хэт туйлшрахгүйгээр давс хужирыг нь тааруулахаар болжээ. Тухайлбал эдийн засгийн талаасаа байгалийн баялагтай улсын хувьд стратегийн ордуудын хувьцааны тодорхой хувийг төр хяналтдаа авч үлдсэн хувийг нь олон хэсэгт хувааж компаниудад эзэмшүүлдэг, их хэмжээний орлоготой байгууллага, хувь хүмүүст шатлалтай татвар ногдуулдах замаар дундаж давхаргыг дэмжиж (нэмэгдүүлж), ядуурлыг багасгаад явах юм. Энэ бол зүүн төвийн бодлого. Харин энэхүү зүүний чиглэлийн бодлого тийм ч төгс биш учраас жаахан хэтрүүлбэл үндэсний том (хувийн) компаниудийн (ажил олгогчдын) эрч хүч, урам зоригийг мохоож дампуурах эсвэл гадагш зугатах нөхцлийг бий болгодог. Мэдээж үүнийг дагаад инфляц нэмэгдэж эдийн засаг хүндэрдэг. Иймэрхүү үзэгдэл бий болсон үед ард түмэн баруун төвийн намуудыг дэмжих хандлагатай болдог байна (ямартай ч Америк, Европ, Япон, Солонгосын нийгмийн сэтгэл зүй ийм байна).

Хариулт үлдээх